Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн ахлагч, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Хамтын хэлэлцээрийн явц, тохиролцоонд хүрч чадаагүйгээс ажил хаялт зохион байгуулахад хүрээд буй шалтгаан, ажилтнуудаас авсан санал асуулгын талаар мэдээлэл өгч, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, ахуй хангамж, ажиллах орчин нөхцөл, ажилтнуудад тулгарч буй улс төрийн нөлөөлөл, удирдлагуудын зүгээс үзүүлж буй дарамт шахалт зэрэг эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудыг, мөн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах зайлшгүй шаардлага байгааг онцолж, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжуудыг танилцуулав. Мөн Төрийн хэмнэлтийн хуулиар аудитын акт тавьж Хамтын гэрээний хэрэгжилтэд гацаа болж байгаа, нийгмийн түншлэлийн хүрээнд ЭХЯ болон ажил олгогчтой хамтран ажиллах, салбарын бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, эрчим хүчний реформ хийх, хууль, эрх зүйн орчинг сайжруулах Ажлын хэсгүүдэд, компанийн ТУЗ-д ажилтны хууль ёсны төлөөллийн байгууллага болох ҮЭ-ийн оролцоог хангах шаардлагатай байгаа зэрэг асуудлыг тавьсан юм.
Шинээр томилогдсон эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс, нэн түрүүнд эрчим хүчний салбарыг нээлттэй болгох шаардлагатай байгааг илэрхийлээд “Ажлаа хүлээж аваад танилцахад, эрчим хүчний салбар богино хугацаанд төлж барагдуулах 600 гаруй тэрбум төгрөгийн өртэй, мөн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хэвийн, найдвартай хангаж ажиллах, энэ хоёр асуудал нэн түрүүнд тулгамдаж байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс салбартай холбоотой санал шүүмжүүдийг тавьсанд ихэд талархлаа. Энэ салбарын 17 мянган ажилтны үнэлэмж, үнэ цэн гэдэг бол хамгийн эхэнд тавигдах чухал асуудал юм. Ажилтнуудын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд үйлдвэрчний эвлэлтэй зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж Хамтын хэлэлцээрийн талууд цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүйн улмаас Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, улмаар зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг шийдвэрлэж чадаагүй тул үйлдвэрчний эвлэлийн талаас ажил хаялтыг санаачлан зохион байгуулах хуулийн нөхцөл бүрдсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, 26.2-д заасны дагуу нийт гишүүн байгууллагууд дээр санал асуулга явагдаж буйг танилцуулаад, хэрэв Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг даруй шийдэж өгөхгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүй болохыг мэдэгдлээ.

