Жагсаал цуглаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн тайван жагсаалд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбарын компаниудаас гадна алс холын Ховд, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудаас нийт 17 анхан шатны хорооны 320 гаруй гишүүд зорин ирж оролцож, төр засагт дуу хоолойгоо хүргэсэн юм.
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад ҮЭ-ийн талаас цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох зэрэг 12 заалт бүхий саналыг гаргасан боловч тохиролцоонд хүрээгүй бөгөөд тэмцлийн эцсийн шат болох ажил хаялтыг санаачлан зохион байгуулах хуулийн нөхцөл бүрдээд буй.

Эрчим хүчний салбарын ажилтан бүр хатуу дүрэм журмын хүрээнд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай, тэвчээртэй, ямар ч тохиолдолд үүргээ гомдоллохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд төрөөс их зүйл хүсээгүй, аюулгүй ажлын байр, хангалттай цалин хөлс, нийгмийн баталгаагаа хангуулахыг л хүсэж байгаа юм.
Хэрэв Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг даруй шийдэж өгөхгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрэх юм!

