Баярын хурлыг албан ёсоор нээж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж үг хэлэхдээ “МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийн гол тулгуур болсон эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж, зөвхөн гишүүдийн тоогоор бус, гүйцэтгэх нөлөөлөл, бодлогын түвшний тэмцлээрээ Монголын ҮЭ-ийн хөдөлгөөний манлайлагч хүчин болж төлөвшсөн юм. Энэ бүхэн зөвхөн удирдлагын бус, уурхайн гүнд, өрмийн талбайд, эрчим хүчний шугам сүлжээний засвар дээр ажиллаж буй мянга мянган гишүүдийн минь эв нэгдэл, итгэл сэтгэлийн үр дүн” хэмээн онцолсон юм.

Түүхт 30 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж буй салбарын ҮЭ-ийн холбооны үе үеийн сонгуультнууд, гишүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын Аж үйлдвэр, эрдэс баялгийн бодлогын зөвлөх Г.Эрдэнэтуяа уламжлан хүргэв.
Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир болон аймаг, салбаруудын ҮЭ-ийн холбоод, түншлэгч байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн ирж, халуун баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.



Ойн баярын үеэр Төрийн дээд "Алтан гадас" одонгоор “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Хүдэр, МҮЭ-ийн холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар “Оюу толгой” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Оюунтунгалаг, мөн салбарын яамд, МҮЭ-ийн холбоо, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны шагналаар иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө үр бүтээлтэй ажилласан ҮЭ-ийн сонгуультнууд, гишүүдийг шагнаж урамшууллаа.
Хурлын үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 30 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн “Баримтат кино” болон “Салхи эргэнэ” сүлд дууг анх удаа олон нийтэд толилуулав.


“Эх орныхоо найман зовхист иргэд амгалан нойрсож байхад ирмэх нүдээ цавчих завгүй” ажиллаж байдаг эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ажилтнууд, ҮЭ-ийн гишүүд болон тэдний эрх ашгийг хамгаалан “нэр нь сонинд гардаггүй ч нийгмийг хөдөлгөн” зүтгэж байдаг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлагууд, тэргүүлэгчид, ҮЭ-ийн сонгуультнууддаа Түүхт 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье!


