Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулинд анх удаа уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын ажил амралтын хуваарийг тэгш байдлаар тусган хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан 22 дүрэм, журам, аргачилсан заавар батлагдахаар төлөвлөгдсөний нэг болох Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот тогтоолоор батлагдсан “Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.1.5-д уртын ээлжээр ажилладаг ажилтнуудын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн амруулаагүй бол олгохоор заасан нь ажил олгогч болон ажилтнуудын дунд маргаан үүсгэж улмаар ажилтнууд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүйд хүрч байна.
Уг “Цалин хөлс тогтоох аргачлал”-д Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос 1 сарын 11-ний өдрөөс эхлэн 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, уурхайчдаас ирүүлсэн саналыг хуульд нийцүүлэн МҮЭ-ийн холбоогоор дамжуулан Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хороонд хүргүүлж, аргачлал батлах ажлын хэсгийн хуралд 2 удаа танилцуулж ажилласан ч ХНХЯ-ны цалин хөлсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл дэмжилгүй баталсан.
“Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.1.5 дахь заалтаас болж уул уурхайн компаниудаас илүү цагийн хөлсөө авч чадахгүй гомдол санал ирсээр байсан тул ХНХ-ын сайд А.Ариунзаяагын ахалдаг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хороонд 4 сарын 13-нд шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл шаардлагын хариу ирээгүй ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгөд өртсөөр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т ажил амралтын хуваарийг 14/14 байхаар тусгасан байхад илүү цагаар ажилласнаа нөхөн амарч байгаа хэмээн тайлбар хэлж байгааг бид ажил олгогчидтой үгсэн хуйвалджээ хэмээн харж байна.
Уртын ээлжээр ажилладаг компаниуд дээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж 168 цаг хүртэл ажиллах асуудлыг хүчээр тулгах, үндсэн цалин хөлсийг бууруулах, илүү цагийн хөлс олгохыг ХНХЯ, Улсын дээд шүүх олго гэвэл олгоно гэх байдлаар ажил олгогчид тайлбарлаж хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхүүдийг зөрчиж байгааг эсэргүүцэж тул ХНХ-ын сайд А.Ариунзаяаг яаралтай Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог хуралдуулахыг шаардаж байна.