card

Түүхэн замнал

1925 онд Улаанбаатар хотноо ҮЭ-ийн анхны үүрүүд байгуулагдсан бөгөөд эдгээр үүрүүдийн нэг нь үйлдвэрийн ҮЭ-ийн үүр байсан түүхтэй. 1967 онд Намын төв хорооны тогтоолоор Аж үйлдвэр, барилгын ажилчдын, хөдөө аж ахуйн ажилчдын, худалдаа тээврийн ажилтны, соёл гэгээрэл, холбооны ажилтны ҮЭ-ийн төв хороог шинэчлэн зохион байгуулсан нь ҮЭ мэргэжил-үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих үндэс нь болсон юм.

1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж МҮЭ өөрийн үйл ажиллагаагаа зах зээлийн нөхцөлд тохируулан өөрчилж шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм.

1992 оны дундуур салбарын ҮЭ-үүдийн бага хурлууд болж, зах зээлийн харилцааны нөхцөл дэх ҮЭ-ийн баримтлах шинэ үндсэн концепци, дүрмээ шинэчлэн бүтэц үйл ажиллагаагаа эрс өөрчилсөн юм.

Энэ шинэ дүрэм, хөтөлбөр нь нийт ҮЭ-ийн үйл ажиллагааны шинэчлэлийн тусгал төдийгүй, харъяалдаг салбарынхаа хөдөлмөрчид, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тэмцлийн арга хэлбэр, хэрэгжүүлэх тактикийг нарийвчлан тусгасан нь ҮЭ-үүдийг унаган төрхөөр нь ажиллах боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

1996 онд хуралдсан Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн холбооны бага хурлаас Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо өрх тусгаарлан шинээр зохион байгуулагдаж дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Анхны даргаар Чүлтэмийн Балжинням ажиллаж байв. Тус ҮЭ-ийн холбоо нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах, ажилтнуудынхаа нийгмийн хамгаалал, амьжиргааны түвшинг дээшлүүлэх асуудлыг салбарын хамтын хэлэлцээрт тусган хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ҮЭ-ийн хяналтыг хүчтэй болгож төр засаг, ажил олгогчтой хамтран ажиллаж нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Онцлох мэдээлэл