Эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах түгээх сүлжээний насжилт өндөрсөж ашиглалтын хугацаа дууссан, аваарь саатлын тоо нэмэгдэх болсон, дотоодын үйлдвэрлэл, импортын цахилгаан эрчим хүчний чадлын хэмжээ бодит хэрэгцээнээс багассан, хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлаас компаниудын засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахааргүй эрсдэл тулгараад байгаа талаар салбарын сайд ярьж бичиж байна.
Харин эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч уурхайнуудын хувьд нүүрсийг өөрийн өртгөөс ямагт доогуур үнэ тарифаар худалдан борлуулдаг, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай дизель түлшний үнэ 54 хувь, тос тослох материал 40 хувиар, тэсрэх материал 121 хувиар, туслах материал болох төмрийн бэлдэц 35 хувиар тус тус нэмэгдсэн зэрэг нь уурхайнуудыг хэвийн ажиллах боломжгүйд хүргэж байна.
Тухайлбал:
- Адуунчулуун ХК өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 12600 төгрөгөөр борлуулж байна. Энэ үнэ нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрчлөлт оролгүй мөрдөгдөж байна. ЭХЗХ-нд удаа дараа нүүрсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ нэмэгдээгүй. Компанийн хэмжээнд сүүлийн 3 жилд 2,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
- Шивээ овоо ХК-ийн хувьд 1 тонн нүүрсээ 32428 төгрөгөөр олборлодог. Гэхдээ зарахдаа 29000 төгрөгөөр зарж борлуулдаг. Ингэснээр тонн тутамд 3361 төгрөгний алдагдалтай зардаг. Үүнээс үүдэн 2021 онд 8,6 тэрбум төргөгийн алдагдалтай ажилласан. Энэ чигээрээ ажиллавал 2022 онд 8,9 тэрбум төгрөгийн ардагдал хүлээн тооцоо гарсан байна.
- Багануур ХК-ийн нэг тонн нүүрсний өртөг 34800 төгрөгөөр гарч байхад 1 тонн нүүрсний борлуулалтын үнэ бол 33500 төгрөг байдаг. Энэ тооцооллоор харахад 1 тонн нүүрс тутамд 2300 төгрөгийн алдагдалтай нүүрсээ борлуулж байна.
Төрөөс нүүрсний үнийг барьж өөрийн өртгийн хэмжээнд хүргэхгүй байгаа нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд шууд заналхийлж, уурхайчдын цалин хөлс мөн адил нэмэгдэх боломжгүй болж бидний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж МУ-ын ерөнхий сайд болон Эрчим хүчний зохицуулах хороонд шаардлага хүргүүлж байна.