ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрчим хүчний яам болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран салбарын үйлдвэр, компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, захиргаа удирдлагын болон хуулийн нэгжийн дарга нарыг хамруулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын сургалтыг зохион байгууллаа.

Танхимаар болон цахим хэлбэрээр явагдаж буй сургалтад нийт 200 орчим хүн хамрагдлаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон шинэлэг зохицуулалтууд тусгагдсан бөгөөд компаниудын нийгмийн харилцаа хурдтай хөгжиж буй өнөө үед 1999 оноос хойш буюу 22 жилийн дараа батлагдсан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн тодорхой заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, хуулийн нийтлэг үндэслэл, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, олон улсын хөдөлмөрийн харилцааны түүх, тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо харилцан солилцлоо.