Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Сүхбаатар Аймагт байрлах Цайртминерал ХХК-ийн уулын олборлолт, бүтээн байгуулалт хариуцсан компани болох АЙ ЭМ ЖИ ЭФ компанийн Монгол ажилчид эрх ашгийнхаа төлөө нэгдэж ажил хаялт зарлаад байгаа билээ.

2022 оны 9-р сарын 02-ны өдөр Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, Уул уурхай хариуцсан нарийн бичгийн дарга О.Баярхүү, МҮЭ-ийн холбооны Хүний эрх хуулийн газрын хуульч М.Саранцацрал нар Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Н.Сэргэлэнбаатар, Цайртминерал ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ҮЭ-ийн хорооны дарга С.Угтахбаяр, тэргүүлэгч Я.Чулуун, Б.Чогдон болон тус компанийн ажилтнуудтай уулзаж, ажил хаялтын нөхцөл байдалд арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

2022 оны 9-р сарын 03-ны өдөр ажил хаялт зарлаад буй Цайртминерал ХХК, уулын олборлолт, бүтээн байгуулалт хариуцсан туслан гүйцэтгэгч АЙ ЭМ ЖИ ЭФ компанийн удирдлагуудтай уулзаж Хамтын гэрээний зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцлээ.

Ажил хаялт, өлсгөлөнг түр зогсоож хамтын гэрээний хэлэлцээний ширээний ард суулаа. Энэ хүрээнд тус компанийн удирдлага болох Хятад захирал МИН СИН ЮУ болон орлогч дарга Б.Хурц нартай уулзаж Хамтын гэрээний зарчмын зөрүүтэй дараах зургаан саналыг шийдвэрлэх шаардлага тавьж хэлэлцсэн боловч талууд зөвшилцөлд хүрээгүй тул үдээс хойш 15:00 цагаас дахин уулзалтын цаг товлоод байсан юм.

Үүнд:

1. Үндсэн цалинг нэмэгдүүлэх

2. Сул зогсолтын олговор

3. Нөхцөлийн нэмэгдэл

4. Уул уурхайн салбарт ажилласны удаан жилийн нэмэгдэл

5. 13 дахь сарын урамшуулал

6. Түлээ нүүрсний хөнгөлөлт

Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооноос нийт уурхайчдад хандаж "тулгамдаж буй асуудлаа нэг бүрчлэн тэмдэглэж ҮЭ-ийн хорооны даргадаа уламжилж салбарын холбоондоо хүргүүлэхийг зөвлөж байна". Уурхайчдын өмнө тулгамдаж буй асуудлыг МХЕГ-т хүргүүлж, хэрэгжилтийг шаардаж, зөрчил дутагдлыг арилгаж ажиллах болно” гэдгээ мэдэгдлээ.