Өнөөдөр /2022.09.01/-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат улсын төсөв өргөн баригдахын өмнө МҮЭ-ийн холбооны байр суурийг сонсож шуурхай хүлээж авч уулзаж байгаад талархал илэрхийллээ. Үргэлжлүүлэн нийгмийн түншлэгч тал болох ХНХ сайдад хандаж, ҮЭ-ийн байгууллагаас тавьж ирсэн санал шаардлага, үнэ ханшийн өсөлттэй холбоотой цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгаж үүнтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, төрийн албаны салбарт хүний нөөцийн хомстол үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг танилцуулан хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг хүслээ.
Энэ үеэр Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор салбарын ажиллагсадын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой үүсээд буй асуудлыг тус тус хэлсэн юм.
Хариуд нь ХНХ-ын сайд Д.Сарангэрэл тулгамдаж буй асуудлуудыг анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Тэрээр "МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа санал шаарлагууд бол ард иргэдийн санал хүсэлт учраас би анхаарал хандуулан ажиллахад таатай байх болно хэмээгээд иргэдийн амьжиргаа цалин хөлсийг нэмгэдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллана” гэлээ.