Төрөөс эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний нүүрсний үнийг хатуу барих бодлого баримталж 2019 оны 7 сараас хойш үнэ тарифт ямар нэг өөрчлөлт хийгдэлгүй өнөөдрийг хүрлээ. /2020 онд баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.18 дугаар заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтэээгдэхүүний үнэ тарифыг тогтвортой байхад чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. /
2019 оноос хойш гадаад валютын ханш 7.0 хувиар /2022 оны эхнээс 08 сар хүртэл 10,5 хувиар/, хэрэглээний үнийн индекс 16.1 хувиар, үйлдвэрийн усны үнэ 72.5-80.0 хувиар, дизель түлшний үнэ 54 хувиар, тос тослох материал 40 хувиар, тэсрэх материал 121 хувиар, туслах материал болох төмрийн бэлдэц 35 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө 5-59 хувь доогуур байгаа бөгөөд тарифын ангиллаар авч үзвэл Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212.0 төг/кВт.ц буюу өртгөөс 5.0 хувиар, аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25.0 хувиар, орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50.0 хувиар, гэр хорооллын айл өрх 141.0 төг/кВт.ц буюу 59.0 хувиар тус тус доогуур тарифыг мөрдөж байна.
Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18 хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан ба 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Төвийн бүсийн томоохон нүүрсний уурхайнуудын нийт алдагдал энэ онд 109.2 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо гараад байна.
Эрчим хүчний салбарт хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдсэн, оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.
Иймд эрчим хүчний салбарын ажилтнуудын хувьд найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үүргээ биелүүлэхдээ эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байна. ХАБЭА-н тухай хуулийн 18.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах Ажилтны эрх, 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажил олгогч үүргээ биелүүлэхэд маш хүнд цаг үетэй тулж байна гэж Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо үзэж байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөн илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл олгож чадахгүй байх, хамтын гэрээ, хэлэлцээр мөрдөгдөхгүй байх, ажилтнуудын нийгмийн асуудал орхигдох, цалин хөлсөө голж ажлаас гарах зэрэг бэрхшээлүүд тулгарч байна.
Түлш эрчим хүчний салбарын ажилтнууд бид 2022 оны 05 дугаар сарын 18-нд МУ-ын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хандаж Эрчим хүчний тухай хуулийн 9.1.5-т “эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох” заалтыг хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдүүлэхийг шаардаж, эрчим хүчний салбарын ҮЭ-ийн хороодын дарга нарын төлөөлөл уулзалт хийх хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу авч чадсангүй ээ.
Монгол улсын Засгийн газраас эрчим хүчний үнийг хатуу барих бодлого баримталж байгаа учир үүсэх хүндрэл эрсдэлийг ч эрчим хүчний салбарынхантай хамт үүрэлцэх ёстой.
Эрчим хүчний байгууллагуудад эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй цаг хугацаандаа засвар, шинэчлэлийн ажлууд хийгдээгүйн улмаас аваарь саатал гарч хүний амь нас эрсдэх, хүндээр бэртэж гэмтэх, хурц хордлогод өртөх тохиолдолд бүхий л хариуцлагыг МУ-ын Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцахыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо албан ёсоор мэдэгдэж байна.