2022 оны 11-р сарын 07-ны өдрийн 12.00 цагт МҮЭХ-ны төв байрны үүдэнд иргэд хөдөлмөрчдийн цуглаан болж өндөрлөлөө. Уг цуглаанд МҮЭХ-ны салбарын холбоодуудын гишүүд оролцсон бөгөөд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо эв нэгдлээ илэрхийлэн дэмжин оролцсон юм.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос ДЦС-3 ТӨХК, УБЦТС ТӨХК, Болд төмөр ерөө голын уурхай, Багануур ХК, Бор-Өндөр УБҮ, Эрчим хүчний зохицуулах хороо, Геологийн төв лаборатори ТӨҮГ зэрэг байгууллагуудын ҮЭ-ийн гишүүд ирсэн ба салбарын холбооны орон нутагт байрлах хороодын гишүүд маань ч тус тусын орон нутагтаа цуглааныг дэмжин оролцлоо. Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны гишүүдийг төлөөлж УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороон дарга Ч. Өнөрцэцэг эрх бүхий албан тушаалтнуудад хандан үг хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.
МҮЭХ-ноос Монгол Улсын Засгийн газарт хандан 13 заалт бүхий ШААРДЛАГА-ыг хүргүүлж байгаа ба шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гарч ирж хүлээн авсан юм. Иргэд хөдөлмөрчдийн шаардлагын хариуг 2022 оны 11-р сарын 11-ны дотор өгөх, тус хугацаанд хариу өгөөгүй, шаардлагад дурдсан асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр 2023 оны төсвийг батлавал МҮЭХ-ны мянга мянган гишүүд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тэмцэл өрнүүлэх болно гэдгийг мэдэгдлээ.