Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо хамтран "Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр"-ийг байгуулав.
Хэлэлцээрийн талуудыг УУХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор нар ахлан оролцсон ба энэ удаагийн хэлэлцээр нь хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлсэн, мөн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос итгэмжлэгдсэн Ажил олгогчдын төлөөлөл буюу Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Энержи Ресурс ХХК, МоЭнко ХХК, Баян айраг Эксплорэйшн ХХК, Хан Алтай Ресурс ХХК-ийн төлөөлөл оролцсоноороо онцлогтой юм.
Хэлэлцээрийн 3.2 Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна, 5.4 Салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг салбарт ажилласан жилээр үржүүлэн тооцож олгоно гэсэн заалтууд хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд 5.12 Ажилтан нас барсан тохиолдолд ар гэрт нь 6 сараас дээш үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг нэг удаа олгох тухай заалт шинээр орлоо.
Мөн дарамт хүчирхийлэлгүй ажлын байрыг бий болгох, ҮЭ үйл ажиллагаа явуулахад ажил олгогч дэмжих тухай ҮЭ-ийн эрхийг хангахад чиглэсэн бодлогыг талууд дэмжсэн юм.
Хуульд заасны дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсний дараа гарын авлага болгон салбарын гишүүддээ хүргэх ба салбарын холбооны www.megm.mn вэб сайтад байршуулах болно.
Нийгмийн түншлэгч талуудад талархал илэрхийлье.