ОЮУ ТОЛГОЙ ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Салбарын холбооны дарга Д.Долгор, Уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар Оюу Толгой ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге болон Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам нартай Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо болон Оюу Толгой ХХК-ийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.

Тус уулзалтаар салбарын холбооны анхан шатны хороодын дарга нарыг Оюу Толгой ХХК-ийн сайтын үйл ажиллагаатай танилцуулах, аюулгүй ажиллагааны сайн туршлага судлуулах болон Оюу Толгой ХХК дах гэрээт компаниудад эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, хүний эрхийн зөрчлийг арилгуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны зүгээс тавьсныг Оюу Толгой ХХК-ийн төлөөлөл талархалтайгаар хүлээн авлаа.

Оюу Толгой ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге хэлэхдээ ажилчид гэдэг бол бидний үнэт зүйл, ажиллагсадгүйгээр аливаа бүтээн байгуулалт явагдах боломжгүй, тиймээс бидний гол зорилго бол ажилчиддаа анхаарал хандуулах гэсэн ба гэрээт ажилчдад ч мөн нэгэн адил анхаарал хандуулж, тус чиглэлийн хүрээнд хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Харин Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам Оюу толгойн сайтад зочилж туршлага судлах ажлыг дэмжиж байгаа ба зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гаргаж, үр дүнд хүрэх нь чухал гэдгийг онцоллоо. Нэг ч гэсэн асуудлыг шийдвэрлэж эерэг үр дүн бий болговол бидний хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой ба Оюу Толгой ХХК чухам ямар ажлуудыг яаж хийж гүйцэтгэдгийг салбарын ҮЭ-ийн холбоогоор дамжуулан нийт уурхайчин хөдөлмөрчдөд хүргэх нь сайшаалтай байгаа талаар дурдлаа.

Мөн Оюу Толгой ХХК улирал бүр туслан гүйцэтгэгч компаниудтайгаа уулзалт хийдэг ба тус уулзалтад салбарын холбооны төлөөллийг оролцуулж байх тал дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Бид салбарын ажилласадынхаа эрх ашгийг хамгаалан ажиллахад нийгмийн түншлэлийн хүрээнд бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллах болно.