2023 оны 11 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, Уул уурхай хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж, санхүүгийн мэргэжилтэн Д.Даваасүрэн, тус холбооны хяналтын хорооны дарга Г.Цэцгээ нар Нийслэлийн Багануур дүүрэг, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгийн уурхайд очиж ажиллалаа.
Тэд Багануур ХК, Цайрт Минерал ХХК, Бор-Өндөр УБҮ, Шивээ-Овоо ХК-ийн удирдлага, ажилчид, ҮЭ-ийн хороодын гишүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийг танилцуулж, цаг үеийн байдлаар мэдээлэл хийв.
Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар холбооны дарга Д.Долгор танилцуулсан юм.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооныхон ажлын байрны нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдалтай газар дээр нь танилцаж, ажилчдын санал, хүсэлтийг сонслоо.
Эдгээр орон нутагт байрлах гишүүн эрчим хүчний салбарын байгууллагуудын ҮЭ-ийн гишүүдтэй уулзалт хийж, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан салбарын ажилчдын улсын зөвлөгөөний үр дүн, бусад асуудлаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцов.