Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх чиг үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /орон тооны бус/-г төрийн захиргааны болон ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдийг оролцуулан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулан ажилладаг.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д. Долгор ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн юм. 2024 оны хоёрдугаар сарын 6-нд уг хороо хуралдаж Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцаж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөнд талуудын ирүүлсэн саналыг сайшаалаа. ХАБЭА-н Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөнд талуудын саналыг дахин тусгаж батлахыг дэмжив.
Дараагийн хурлаар “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг шинэчлэн боловсруулсан төсөлтэй танилцаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон үйлчилгээний төрөл нэмүүлэх байгууллагуудын асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.