МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо төлөвлөгөөт  сургалтаа амжилттай зохион байгууллаа

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, хүн бүр дарамт, хүчирхийлэлгүй, орчинд ажиллаж хөдөлмөрлөх суурь зарчмуудыг сурталчлах, амьдралд хэрэгжүүлэх  зорилгоор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монголын Эрчим хүчний засаглал хөтөлбөртэй хамтран “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг хоёрдугаар сарын 28-нд  Альфа зочид буудалд зохион байгуулав. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д. Долгор  цахимаар  мэндчилгээ дэвшүүлж, нарийн бичгийн дарга А. Дагвадорж сургалт зохион байгуулсан ажлын албаа танилцууллаа.  

Сургалтад салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн Эрчим хүчний ҮЭ-ийн хороодын дарга, эмэгтэйчүүдийн хэсгийн дарга, гишүүд оролцсон юм. “Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч багш Б. Оюундарь сургалт явууллаа.Жендэр, бэлгийн дарамт ярихаар цэрвэж дөлөх, болгоомжлох,энэ төрлийн  сургалтад сууна гэхээр дооглонгуй мушийх нь өнөөгийн бидний нийтлэг төрх. Эрчүүд дийлэнх ажилладаг салбарт цөөн хэдэн эмэгтэйгээ “Ядарч байна уу  гээд гарыг нь атгах, чадаж байна шүү, сайн байна” гээд дал мөрөн дээр нь алгадах зэргээр урам  өгөх нь нийтлэг. Хувийн орон зайд нь халдаж байгаа энэ мэт тохиолдол жендерт суурилсан хүчирхийлэл болох аж. Сургалтад оролцогчид ажил мэргэжлийн хувьд жендэрийн хэвшмэл ойлголт олон байгааг дурдлаа. Цахилгаан станцын ээлжийн даргыг  эрэгтэй хүний  ажил гэх хэвшмэл ойлголт бий. Энэ ажлыг долоон жил хийж байгаа эмэгтэй хандлагыг өөрчилж чаджээ.

Гэтэл бусад улс оронтой адил хөгжихийн  тулд энэ мэт хэвшмэл, суурь ойлголтыг өөрчлөх шаардлага бидэнд тулгарч байна. Учир нь жендэрт суурилсан хүчирхийлэл нь хөдөлмөрийн бүтээмж буурах үндсэн шалтгаан болдгийг олон улсын байгууллагууд судалгаагаар тогтоожээ.  Камбож улс гэхэд хувцасны үйлдвэрлэлийн салбар нь ажлын байрны бэлгийн дарамтаас шалтгаалан ажилчид тогтдоггүй, ажлаа таслахад хүрч, жилд 89 сая долларын хохирол учирсан. Хохирлын хамгийн их хувь нь бүтээмжийн алдагдал байгааг Care олон улсын байгууллага онцолсон байна. Жендэрийн тухай ойлголтыг бид үр хүүхдэдээ бага наснаас нь эхлэн олгох хэрэгтэйг ч багш дурдаж байлаа.Хүний хувийн орон зайд халдаж болохгүй гээд хил хязгаарыг зааж өгөхөөс эхэлнэ. Гараа урагшаа, мөн биеийн дагуу алдлаад  дунд хурууны үзүүр хүртэлх тэр зай хувь хүний орон зайд орно. Үүнийг мэдсэн хүүхэд хил хязгаар хаана байгааг мэдэж, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөхгүй байх сайн талтай.

Нарийн бичгийн даргыг эмэгтэй хүн хийдэг, хамгаалагч зөвхөн эрэгтэй хүний ажил,  гэх мэт хэвшмэл ойлголтыг халж, хүн бүрд ээлтэй,өгөөжтэй, жендерийн мэдрэмжтэй ажлын байрыг  хэрхэн бий болгох вэ?

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд байгууллагууд  удирдлага, байгууллагын соёл, бодлого ёс зүйн хэм хэмжээ, гомдол гаргах, шалган байцаах журам, ажилд авах гүйцэтгэлийн үнэлгээ, мэдээлэл сургалт сурталчилгаа, гэрээлэгч нийлүүлэгчидтэй ажиллах зэрэг баримт бичиг, журамдаа  илүү тодорхой тусгах шаардлагатай. Жендэрийн мэдрэмжтэйгээр орчин нөхцөлөө сайжруулах нь байгууллагын соёлын нэгээхэн хэсэг.

Жендэрт суурилсан хүчирхийлэл гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал биш. “Эр хүн байж хоолонд даа ...” гэх мэтээр хүйс яриад эхэлсэн л бол та өөрийгөө жендэрийн шилээр хянах хэрэгтэйг багш  маань сануулж байлаа. Оролцогчид эрчүүдийг энэ сургалтад илүү олноор суулгах хэрэгтэйг сануулж мөн байгууллагадаа сургалт авч болох эсэхийг асууж байлаа.

П.Буяндэлгэр  Алтай-Улиастай Эрчим хүчний систем  ТӨХК-д  оператор

Манай ҮЭ-ийн хорооны дарга “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” гэж  сургалт болох юм байна явах уу гэж биднээс асуухад  явна гэдгээ эхэлж хэлээд ирсэн. Харин бусад хүмүүсийн хувьд нэрийг нь сонсоод явна гэж хэлэх хүн цөөн байлаа. Энэ сургалтаас би өмнө нь анзаарч мэддэггүй байсан олон зүйлээ мэдэж авсан болохоор  хэрэгтэй үр дүнтэй  боллоо гэж бодож байна. Зохион байгуулалттай, олон хүний хүч хөдөлмөр орсон энэ сургалтыг санхүүжүүлж байгаа, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт баярлалаа. Олон улсын байгууллагын санхүүжилтээр хийж байгаа энэ сургалтыг илүү олон хүнд хүргээсэй. Миний хувьд очоод өөрийн ажлын  хамт олондоо энэ сургалтыг заана. Намайг явна гэхэд сургалтын нэрийг сонсоод:

-Ирээд чамайг юу ярих бол гэж бодоод... гэж инээж байсан  тэр ажлын хамт олондоо хэрэгтэй зүйл  мэдээд буцах нь. Аливаа юмыг би бүрэн өөрчилж чадахгүй ч өөрийн хэмжээндээ энэ асуудлыг таниулж мэдүүлэхийг хүсэж байна.

П.Майцэцэг  Дархан Сэлэнгийн ЦТС ТӨХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

 Сургалтад суухаасаа өмнө би ажлын байрны бэлгийн дарамт гэхээр их том юм төсөөлж, хол сэдэв шиг санагдсан. Миний ажлын байранд энэ төрлийн дарамт шахалт байдаггүй гэж бодож байлаа. Сургалтад суусны дараа эргээд харахад энэ маань бидний мэддэг юм шиг атлаа мэддэггүй сэдэв байж. Өмнө нь би гэр болоод ажлын орчиндоо өөрөө ч анзаарахгүйгээр хэвшмэл ойлголтыг гаргадаг байсан байна. Эрэгтэй эсвэл эмэгтэй байж.. гэж ажлын хамтрагчдадаа болон өөрийн хүүхдэдээ   хандах, мөн тушаал дэвшсэн эмэгтэй найзыгаа хувь хүний зүгээс эрчүүдтэй харьцуулан мундаг байна шүү гэж бодсон маань өнөөх л жендэрийн хэвшмэл ойлголт. Энэ сэдэв биднээс хол зүйл биш өөрийн мэдэлгүй заримдаа гаргадаг асуудал юм байна гэдгийг одоо олж харж, хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хамт олон, эмэгтэйчүүддээ энэ сургалтыг арай багасгасан хэлбэрээр хүргэж ойлголтуудыг тайлбарлан таниулж өгөх зорилготой байна. Тэд над шиг л өөрөөсөө хол сэдэв гэж бодож байгаа.

Жүгдэрийн Бат-Оргил УБЦТС   ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ-ийн  ҮЭ-ийн хорооны дарга

Бидний хэвийн гэдэг зарим ойлголтууд маань буруу зүйл юм байна гэдгийг олж харлаа. Над шиг буруу бодож байсан нийт хүмүүсийн ойлголтыг засан зөв болгож, харилцаа хандлагаа өөрчилж чадвал нэгнийхээ сэтгэл зүйд шарх  эмзэглэл үүсгэхгүй байж чадах юм. Хүмүүсийг дэмждэггүй юм аа гэхэд сэтгэл санааны хувьд хямралд оруулахгүйгээр ажиллаж амьдарч чадах юм байна гэж санагдлаа. Манайх эрчүүд олонтой салбар.  Бид өөрсдөө анзаарахгүй өдөр тутамдаа алдаа гаргах тохиолдол байж. Жишээ нь: Би ажлын хамтрагчаа  охин шиг нялцганах хэрэггүй, эр хүн шиг бай гэх нь буруу байж гэдгийг олж харсан.Доржийн  Эрдэнэбат  Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ҮЭ-ийн хорооны дарга

Жендэрийн асуудал  бидний хувьд өрөөсгөл ойлголт ихтэй байлаа. Эрх мэдэлтэй эрэгтэй, эрх мэдэлгүй эмэгтэй хүний  асуудлыг жендэр гэх ерөнхий ойлголт бидэнд байдаг. Гэтэл нас хүйсээс эхлээд  илүү өргөн хүрээнд авч үзэх ёстой юм байна. Хүн бүр сурч ойлгох ёстой зүйл. Энэ сургалтаас авсан ойлголтыг би ҮЭ-ийн хорооны даргын хувьд хамт олондоо очоод танилцуулна, заана. Шаардлагатай гэж үзвэл хамт олондоо энэ сургалтыг өгүүлэх нь зөв юм байна. Энэ асуудал нэг хамт олны, нэг гэр бүлийн асуудал биш. Тухайн хүн энэ сэдвээр мэдээлэл авснаар нийгэмдээ, гэр бүлдээ мэдээлэх боломжтой юм байна гэдгийг олж харлаа. Ер нь хүмүүсийн хувьд бэлгийн дарамт гэхээр хүчирхийлэл үйлдэгдэж байгаа мэтээр төсөөлөөд хүлээж авч сурсан. Тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл авсан хүн бол тэгж ойлгохгүй. Энэ бол урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтоо тэлэх тухай гэдгийг мэднэ. Хаана ч эрсдэл үүсэх нөхцөл бий. Үүнээс хүн бүр сэргийлэх ёстой гэдгийг хүн бүр ойлгох ёстой.