ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ҮЭ-ИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Идэр болон тэргүүлэгчид, ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Оюу толгой ХХК-д үүсээд буй “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын хэрэгжилттэй холбоотой асуудлаар Оюу толгой ХХК болон Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны хооронд саналын зөрүү үүсэж, улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллах болсныг тус хорооны тэргүүлэгчид мэдэгдсэн юм.

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.2-т “Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох, дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно” гэж заасан.

Оюу толгой ХХК нь ажилтны төлөөллийн байгууллага болох Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хороотой зөвшилцөлгүйгээр дундаж цалин хөлс бодох аргачлалдаа өөрчлөлт оруулан, нэмэгдэл хөлсийг тооцохдоо нэмэгдэл хөлс, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг хасах болсон тухай шийдвэр гаргасан нь холбогдох журам зөрчсөн, улмаар ажилтнуудын цалин хөлсийг дордуулж болзошгүй асуудал тул Салбарын ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны байр суурийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.