МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос “Салбарын шилдэг ҮЭ-ийн хорооны туршлага судлах сургалт”-ыг 2024 оны 3 дугаар сарын 14-15 ны өдөр Эрдэнэт хотод зохион байгууллаа. Энэ сургалтад салбарын 23 байгууллагын ҮЭ-ийн хороодын дарга, нягтлан бодогч, хяналтын хороодын дарга зэрэг нийт 63 төлөөлөгч оролцон, зохион байгуулалтыг 2023 оны шилдэг ҮЭ-ийн хороогоор шалгарсан Эрдэнэт- Булганы ЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Эрдмин ХХК-ийн ҮЭ-ийн хороо хариуцан ажилласан юм. Сургалтад оролцогчид Эрдэнэт-Булганы ЦТС ТӨХК, Эрдмин ХХК-ийн зэс утасны үйлдвэртэй танилцан, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.“ҮЭ-ийн байгууллагын санхүү, төсөв, тайлан гаргах” сургалтыг МҮЭ-ийн холбооны ХССТ-ийн захирал Н. Мөнхтуул, ҮЭ-ийн хяналтыг хэрэгжүүлэх сургалтыг Хяналтын хорооны дарга Г.Цэцгээ заалаа.
Анхан шатны хороодын дарга нарын хувьд нэгнээсээ суралцан хамтдаа хөгжих боломжийг туршлага судлах энэхүү арга хэмжээ олгодог байна. Мөн авьяаслаг сонгуультнуудынхаа урлагийн номерыг үзэж сонирхох, байгалийн сайхан цэвэр агаарт алхах зэрэг хөтөлбөрүүд багтсан юм.
2023 оны шилдэг ҮЭ-ийн хороогоор шалгарсан Эрдэнэт- Булганы ЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, ДаДС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороо, Эпирок Монголиа ХХК-ийн ҮЭ-ийн хороо, Шарын гол ХК-ийн ҮЭ-ийн хороо хийж хэрэгжүүлсэн ажлаа болон хамтын гэрээний туршлагаасаа хуваалцсан нь оролцогчдын хувьд сурах судлах боломжийг олгосон таатай мөчүүд байлаа. Хамтын гэрээгээ хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэхээс ҮЭ-ийн байгууллагын ажлын үр дүн тодорхойлогддог.
Санхүүгийн тайлангаа Татварын ерөнхий газарт хуулийн хугацаанд хүргүүлээгүйгээс болж тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болох эрсдэл бий. Тайлангаа гаргахдаа хуулийн хугацааг харах, ҮЭ-ийн байгууллагын хувьд анхаарах зүйлсийн талаар ХССТ-ийн захирал Н.Мөнхтуул тодорхой тайлбарласан юм.
Сургалтын ач холбогдлын талаар
Алтай-Улиастай эрчим хүчний системийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Мягмардаш "ҮЭ-ийн мэдлэг ахиулах энэ мэт сургалтуудыг явуулах нь анхан шатны хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, сайн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгнө . МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос өмнө нь зохион байгуулсан “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтад манайхаас хоёр хүн оролцсон. Тэд нутагтаа очоод сургалтыг хамт олондоо танилцуулсан. Тэндээс бодууштай, авууштай олон санааг хэлж өгсөн. Үр дүнтэй сургалт болжээ гэж харж байлаа." Ховдын ЦТС ТӨХК-ийн нягтлан Д. Оюунчимэг "Санхүү төсөв тайлан гаргах сургалтаас мэдэхгүй байсан олон зүйлээ мэдэж авсан. Мэдлэг олгох эдгээр сургалтыг илүү олноор явуулаасай" гэж өөрийн бодлоо хуваалцсан.
Энэхүү сургалт нь МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг гишүүд, сонгуультнуудад хүргэх, улмаар ҮЭ-ийн хороодын тэргүүн туршлагаас судлах, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болон ҮЭ-ийн сонгуультнуудад санхүүтэй холбоотой мэдлэг олгож хяналтыг зөв хэрэгжүүлэх мөн аливаа эрсдэлээс сонгуультнуудаа хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо.