МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ЗОРИЛТ (илтгэл)

Илтгэгч: МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор

Эрхэм XI бага хурлын зочид, төлөөлөгчид өө!

Хамтран зүтгэгчид, ҮЭ-ийн гишүүд, сонгуультнууд та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе!

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дүрмийн 13.1 дэх, Энэхүү XI бага хурлыг зарлан хуралдуулах тухай 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх хорооны III хуралдааны 06 тоот тогтоол, мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Тэргүүлэгчдийн хурлын 17 тоот тогтоол тус тус батлагдан салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд руу албан ёсоор хүргэгдсэний дагуу өнөөдөр та бүхэнтэйгээ учран золгож байна. 

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь 2022-2024 онд 11 тэргүүлэгч, Хяналтын хорооны 3 гишүүн, ажлын албаны ажилтнуудын хамтаар МҮЭ-ийн хөгжлийн зорилт, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр 2020-2030, мөн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Гүйцэтгэх хорооны II хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 24-нд, Гүйцэтгэх хорооны III хуралдаан 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус хуралдаж, 2022, 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн төсвийн гүйцэтгэлээ дүгнэж, Хяналтын хорооны мэдээллийг сонсож улмаар тухайн жилийн төсөв, төлөвлөгөөгөө батлан хамтын шийдвэрээ гарган хэрэгжүүлж ажилласан.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн, мөн Олон улсын Индастриал глобал юнионы гишүүн байгууллага бөгөөд та бүхэндээ 2022 оны гуравдугаар сарын 17-нд хуралдсан ээлжит бус X бага хурлаас хойш өнөөдрийг хүртэл хийгдсэн үйл ажиллагааг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн 5 зорилтын хүрээнд илтгэж танилцуулъя.

Нэг. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоог хүчирхэгжүүлэх зорилтын хүрээнд

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос ҮЭ-ийн гишүүддээ мэдээ мэдээлэл түгээх, сургалт сурталчилгаа явуулах ажилд илүүтэй анхаарч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийг тус тус байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Тухайлбал 2022, 2023 онд хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд аудитаас акт тавьж зөрчилд тооцож байгаа явдлыг таслан зогсоохоор хууль, хамтын хэлэлцээрийг сурталчлах сургалтуудыг салбар тус бүрээр зохион байгуулж, Эрчим хүчний яамтай хамтран Дархан-Уул, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний байгууллагууд, УБЦТС ТӨХК, УБДС ТӨХК, Оюу толгой ХХК-тай хамтран Оюу толгой төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Өмнөговь зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад ажиллаад байна. МҮЭ-ийн холбоотой хамтран Үндэсний аудитын газар, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд “хамтын гэрээ, хэлэлцээр хэрэгжих ёстой, хэрэгжилтэд хөндлөнгөөс оролцож акт тавих эрх зүйн үндэслэл байхгүй, талууд хамтран хэрэгжилтийг хангаж ажиллах” талаарх уулзалтуудыг удаа дараа зохион байгуулж, албан ёсоор хамтран ажиллах байр сууриа нэгтгээд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах зорилгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Эрчим хүчний яам болон Эрчим хүчний ассоциацитай хамтран эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжийн удирдлага, ҮЭ-ийн хороодын дарга 180 гаруй хүнийг танхим, цахим хосолсон байдлаар сургалтад хамруулж, хуулийн нэмэлт өөрчлөлт, дотоод эрх зүйн хэм хэмжээний актыг боловсруулах, цалин хөлсийг бодож олгох аргачлал, мэдээллээр хангалаа.

Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, онцлог заалтуудыг сурталчлах зорилгоор эрчим хүчний байгууллагуудын захиргаа, ҮЭ-ийн төлөөлөл 50 орчим хүнд 2023 оны нэгдүгээр сарын 26-нд МҮЭ-ийн холбооны байранд сургалт зохион байгуулж, гарын авлагаар хангаж, шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг хүргүүлж, 2023 оны эрчим хүчний байгууллагуудын хамтын гэрээний мэдээг нэгтгэн дүгнэх бэлтгэлийг хангаад байна.

Уртын ээлжийн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдсантай холбогдуулан хуулийг нэг мөр ойлгож дагаж биелүүлэх асуудал бэрхшээлтэй хэвээр байгаа тул Салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс уртын ээлжийн горим хэрэглэж буй нөхцөлд ердийн ажлын цагийн зохицуулалтыг хэрэглэх, илүү цаг, нэмэгдэл хөлсийг тооцож олгуулах асуудлаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд удаа дараа асуудал тавихын зэрэгцээ уурхайчид, гишүүдийг мэдээллээр хангаж, пэйж хуудсаар хийж буй ажлыг мэдээлж байна.   

МЭХГУУ-н ҮЭХ-ноос анхан шатны ҮЭ-ийн хороодын үйл ажиллагааг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, гишүүдэд ҮЭ-ийн үйл ажиллагааг сурталчлах, ҮЭ-ийн хороод болон салбарын ҮЭ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах зорилгоор “Шилдэг ҮЭ-ийн хороод”-ын туршлага судлах анхны уулзалтыг 2023 онд шилдэг ҮЭ-ийн хороогоор шалгарсан  “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын уурхай дээр зохион байгуулж, 20 орчим ҮЭ-ийн хорооны дарга хамрагдсан. Анхан шатны байгууллага дээр бусад ҮЭ-ийн хорооны гишүүд очиж ажиллан, бодит нөхцөл байдалтай танилцах нь үр дүнтэй байсан учраас 2024 онд шилдгээр шалгарсан “Эрдэнэт-Булганы ЦТС” ТӨХК, Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК-тай хамтран ҮЭ-ийн хорооны дарга, нягтлан бодогч, Хяналтын хорооны дарга, гишүүд нийт 23 байгууллагын 60 гаруй сонгуультанг хамруулан Эрдэнэт хотод туршлага судлуулах сургалт, уулзалтыг зохион байгууллаа.  

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг сурталчлан 2022-2024 оны тавдугаар сарын байдлаар Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөл, Увс, Ховд зэрэг 13 аймгийн давхардсан тоогоор 58 байгууллагад томилолтоор орон нутагт ажиллаж, гишүүдийн санал хүсэлтийг авч ажиллажээ. Тухайлбал “Шинь шинь” ХХК, “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК болон Сүхбаатар салбар, “Адуун чулуун” ХК, “Багануур” ХК, “Бор-Өндөр” УБҮ, “Шивээ-Овоо” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон Багануур, Хэнтий, Чойр, Дорноговь, Дундговь салбар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Дарханы ДЦС” ТӨХК, “Дархан Сэлэнгэ” ЦТС ХХК, “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүс, Хангайн бүсийн салбар, “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн Баянголын уурхай, “Эрдэнэт Хар хорин ЦДС” салбар, “Эрдэнэт-Булганы ЦТС” ТӨХК, “Цайрт минерал” ХХК, туслан гүйцэтгэгч “Ай Эф Эм Жи” ХХК, “Таван толгой” ХК, “Даланзадгад ДЦС” ТӨХК, “ӨБЦТС” ТӨХК, “Хөвсгөл эрчим хүч” ХХК, “Хөвсгөл дулааны станц” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “Эрдмин” ХХК, Оюу толгой ХХК, Уорли инженеринг ХХК, “Эпирок Монголия” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МАК ХХК Нарийн сухайтын уурхай, Эс Жи Эс, Өсөх зоос ХХК зэрэг компани, аж ахуйн нэгж байгууллагын 28000 гаруй ажилтнуудын төлөөлөл 10000 орчим гишүүд, ажилтнуудад салбарын ҮЭ-ийн үйл ажиллагааг сурталчлан, санал хүсэлтийг авч анхан шатны ҮЭ-ийн хороодын үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.  

МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, ҮЭ-ийн сонгуульт ажилтны нэр хүндэд санаатайгаар халдан,  салбарын ҮЭ-ийн холбооны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Хасу мегаватт” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга нарт холбогдох хариуцлага тооцуулахаар ажиллан “ДЦҮТ”-н ҮЭХ гэгчийн талаар гишүүдэд нээлттэй цахим мэдэгдэл хийж, нэр хүндэд халдсан гэх маргаанд хариуцагчаар татагдан 3 шатны шүүхээр ялаад байна.

Бүх гишүүдийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн дүрэм зөрчиж хуулийн этгээдийн эрх авч, гишүүн байгууллагын үүргээ биелүүлэхгүй байгаа “ДЦС-2” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Э.Адьяасүрэн, “ДЦС-4” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ган-Эрдэнэ, “Хасу мегаватт” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Ариунбаатар нарт шүүхээр хариуцлага тооцуулж, 83,5 сая төгрөгийг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд олгуулахаар 3 шатны шүүхийн шийдвэр гараад байна.

Мөн дээрх ҮЭ-ийн хороодын дарга нарын үйл ажиллагааны талаарх гомдол санал, хүсэлтүүд ирсээр байгаа тул нягтлан тодруулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч, анхан шатны ҮЭ-ийн хороодын гишүүд, идэвхтэн, сонгуультнуудтай хамтран ажиллаж байна.  

Эрчим хүч болон Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрүүдэд ҮЭ-ийн сонгуульт ажилтны үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн, орон тооны ҮЭ-ийн хороодын дарга нарыг үндсэн ажилтны нэгэн адил хамтын гэрээнд тэгш хамруулж, зардлыг ажил олгогч хариуцахаар тусгуулж, Хүний төлөө ажилладаг хүн хохирдог байдлыг хамтын хэлэлцээрүүдээс халлаа.

Салбарын хамтын хэлэлцээрүүдэд ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийн баталгааг хангуулахад нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллах заалтуудыг шинээр оруулж, сонгуульт ажилтны эрхийн баталгааг хангуулан, анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга нараас хэрэгжилттэй холбоотой судалгааг авч, улмаар ҮЭ-ийн анхан шатны нэгж, түүний сонгуультанг үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, байгууллага, салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно.  

            Индастриал глобал юнионы үйл ажиллагаануудад цахимаар оролцохын зэрэгцээ 2023 онд Өмнөд Африкт зохион байгуулагдсан хурал, 2024 онд Австралийн Уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн Өвчилсөн уурхайчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг олон улс, бүс нутгийн арга хэмжээнд төлөөлөгчөө оролцууллаа. 

Хамтын ажиллагааны гэрээтэй Японы эрчим хүчний ҮЭ-ийн төлөөлөгчдийг 2023 оны есдүгээр сард хүлээн авсан ба 2024 оны долоодугаар сард БНСУ-ын Эрчим хүчний ҮЭ-ийн төлөөлөгчдийг хуваарийн дагуу хүлээж авах бэлтгэл ажил хангагдаж байна.   

Гадаад хамтын ажиллагааны гэрээгээ Австрали, Японы ҮЭ-үүдтэй шинэчлэн байгуулж бусад улсаас туршлага судлах, мэдээ мэдээлэл авах, хамтран ажиллах боломжийг бататгахын зэрэгцээ МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос 2024 оны дөрөвдүгээр сард Япон улсад, тавдугаар сард БНСУ-д төлөөлөгчөө илгээж, харилцан туршлага судлуулах ажлыг зохион байгуулж байна. 

Хоёр. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилтын хүрээнд

Монгол уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран хариуцлагатай уул уурхай кодексийг хэрэгжүүлэх сурталчлах, улмаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүний эрхийг дээдлэн хэрэгжүүлэх асуудлыг хөхиүлэн дэмжиж, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилт тавин, ажил олгогчдыг мэдээ мэдээллээр хангах, ҮЭ-ийн талаар зөв ойлголт мэдээлэл өгөх, эвлэлдэн нэгдэх асуудлыг сурталчлах, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зэргээр олон шинэлэг ажлыг зохион байгуулж байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбоотой зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх, нэмэгдэл хөлсийг тооцох арга аргачлалын талаар талууд өөр өөр байр суурьтай байсан тул ойлголт мэдээллийг нэг болгох зорилгоор 2022 оны 9-10 дугаар сард ХНХЯ-ны ажлын хэсэгт орж, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогц-Цэций, Гурвантэс сумдад үйл ажиллагаа явуулж буй бүлэг ордуудад үйл ажиллагаа явуулж буй Оюу толгой ХХК, МАК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Энержи ресурс ХХК, Эс жи Эс ХХК, Өсөх зоос ХХК зэрэг томоохон уурхайнууд болон туслан гүйцэтгэгч уурхайнууд дээр ажиллан, захиргаа, ажилтнуудын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг сонсож, хуулийн мэдээлэл өгч, салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг сурталчилсан.

Уурхайчдын эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд нь ҮЭ-ийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг, хуулийн мэдлэггүйн улмаас айдаг, дарамт шахалтад ордог, байгууллагын дотоод дүрэм журмаар захиргааны бус олон нийтийн арга хэмжээг хориглодог, гишүүн болохын тулд заавал өөрийн байгууллагад хуулийн этгээд байгуулах зэрэг асуудлууд хүндрэл учруулж байна. Ажил олгогчийн дэмжлэг зайлшгүй чухал тул ҮЭ-ийн талаарх буруу ташаа ойлголтыг халах хандлагыг өөрчлөх, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг ашиглаж хуулийн мэдлэг мэдээллийг өгч, ҮЭ-ийн байгууллагын давуу талуудыг сурталчилж байна.

Тухайлбал, 2023 оны зургаадугаар сард Оюу толгой ХХК-тай хамтран гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад геологи, уул уурхайн хамтын хэлэлцээрийг сурталчлах, Монгол уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран 2023 оны 12 дугаар сард Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж, хөдөлмөрийн харилцааны салбарт гарч буй өөрчлөлтийг танилцуулж, ажил олгогчдод ҮЭ-ийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг тус тус зохион байгуулж, ингэснээр зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна.

“Цайрт минерал” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ай Эм Жи Эф” ХХК, “Шинь Шинь” ХХК, “Уорли инженеринг” ХХК, “Эпорок Монголия” ХХК, “Мо-Эн-Ко ХХК-ийн Хөшөөтийн уурхай, Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хороодоос явуулсан тэмцэл хөдөлгөөнүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ ажил хаялт нь өлсгөлөнгийн хэлбэрт шилжих гэж байсан “Ай Эм Жи Эф” ХХК дээр очиж уулзалтуудыг зохион байгуулж, газар дээр нь эвлэрүүлэх арга хэмжээ авсан. Мөн дээрх хамтын гэрээний маргаантай газруудаас “Уорли инженеринг” ХХК хуулийн дагуу 9 хоногийн ажил хаялтыг амжилттай зохион байгуулж, бусад байгууллагууд хамтын гэрээгээ байгуулсан амжилттай байна.

“Уорли инженеринг” ХХК, “Шинь шинь” ХХК-ийн ҮЭ-ийн хорооноос ирсэн гомдлын дагуу МХЕГ-т хандаж шалгалт оруулсан. “Уорли инженеринг” ХХК-д хийсэн шалгалтаар “Хөдөлмөрийн гэрээнд ажил гүйцэтгэх байршил заадаггүй, цалин хөлсийг бодож олгож байгаа аргачлал, цалин хөлсний бодлого тодорхойгүй тул тодорхой болгох” шаардлагыг өгч улмаар шүүхэд хандаад байна. Харин “Шинь шинь” ХХК-д хийсэн Аймгийн МХГ-ын акт, дүгнэлт албан ёсоор салбарын ҮЭ-ийн холбоонд ирээгүй ба тухайн компани хамтын гэрээгээ байгуулан ажиллаж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарт эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч “Оюу толгой” ХХК-ийн хүний нөөц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэстэй хамтран Уурхай дахь хөдөлмөрийн харилцаа болон ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сайн туршлагыг уул уурхайн салбарт түгээх зорилгоор уурхайн талбарт зочилж, туршлага судлах арга хэмжээг 2022, 2024 оны тавдугаар сард, уурхайчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг, МШӨ-ийн байдлаар санал солилцох уулзалтыг 2023 оны 12 дугаар сард тус тус зохион байгуулаад байна.

Эдгээр арга хэмжээнд уул уурхайн салбарын гишүүн ҮЭ-ийн хороодын дарга, ХАБЭА-н ажилтнууд хамрагдсанаар сайн туршлагаас суралцах, харилцаа холбоогоо өргөжүүлж хамтран ажиллах, цаашид хамтын тэмцлийг зохион байгуулах, эв нэгдлийг бэхжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.  

Гурав. Ажилтан хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилтын хүрээнд

Эрчим хүчний салбарын 18,4 мянган ажилтан, уул уурхайн салбарын 62,7 мянган ажилтны хууль ёсны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, гишүүнчлэл нэмэгдүүлэх, эвлэлдэн нэгдсэн гишүүдийн эрхийг хамгаалах, гишүүдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.   

Эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилтын хүрээнд “Эперок Монголия” ХХК, “Баян айраг эксплорэйшн” ХХК, “Сэндвик Монголиа” ХХК, “Маррий Майнинг” ХХК, “Степ гоулд” ХХК-ийн ҮЭ-ийн хороодыг эгнээндээ нэгтгэн “Энержи ресурс” ХХК-ийн ҮЭ-ийн гишүүнчлэлийг сэргээгээд байна.

Мөн ҮЭ-ийн хороо байгуулагдсан ч үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа “Таван толгой түлш” ХХК, “Саус гоби ресоурсэс” ХХК, “МоЭнКо” ХХК, “Хөшөөтийн уурхай”-н ҮЭ-ийн хороодын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжих асуудлаар компанийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийж, ҮЭ-ийн дотоод үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дотоод бүтэц зохион байгуулалтыг дүрмийн дагуу шийдвэрлүүлэх зорилгоор хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулаад байна.

Ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хамтын гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажилтны эрх ашгийг урьд урьдынхаас илүү хамгаалан ажиллах сорилтыг дараах байдлаар даван туулж байна.   

Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын эдийн засгийн чадавхийг сайжруулах зорилгоор 2022 онд шат дараатайгаар эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлэх акц өрнүүлж, хоёр удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ЭХЗХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газартай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж ажилласнаар олон нийтийн анхаарлын төвд оруулж, эрчим хүчний суурь үнэ болох эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлэх санал, шаардлагыг холбогдох газруудад хүргүүлсэн. Энэхүү тэмцлийн үр дүнд “Адуун чулуун” ХК-ийн 1тн нүүрс 2022 оны долоодугаар сарын 1-нээс 35,7 хувиар нэмэгдэж 12600-17100 төгрөг, 11 дүгээр сарын 1-нээс “Шивээ-овоо” ХК-ийн 1тн нүүрс 34,2 хувиар нэмэгдэж 29060-38990 төгрөг, “Багануур” ХК-ийн 1тн нүүрс 28,3 хувиар нэмэгдэж 33500-43000 төгрөг болсон. Мөн аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнэ дунджаар 21 хувь нэмэгдсэн бөгөөд эдгээр үнэ тарифын нэмэгдлээс бий болсон хөрөнгийн эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийг 2022-2023 онд эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагуудын цалингийн санг нэмэгдүүлэхэд зарцууллаа. 

Цалин хөлс тогтоох аргачлалыг хуульд нийцүүлэх, уртын ээлжийн уурхайчдад илүү цагийн хөлс олгуулах асуудлаар уул уурхайн салбарын ҮЭ-ийн хороодод хандан удаа дараа албан судалгаа авч нэгтгэн илүү цагийн хөлсийг олгуулах, цалин хөлс тогтоох аргачлалаар Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулж байгаа асуудлаар санал өгөх, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хуралд салбарын байр суурийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудалд анхаарч ажиллаж байна.

“Уртын ээлжээр ажиллагчдын асуудлаар ажлын хэсэг”-ийн нарийн бичгийн даргаар салбарын ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор миний бие ажилласан бөгөөд Өмнөговь аймгийн гурван суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюу толгой” ХХК, “Эс Жи Эс” ХХК, “Өсөх зоос” ХХК, “МАК” ХХК, “Саус гоби ресоурсэс” ХХК зэрэг компанийн удирдлага, түүний туслан гүйцэтгэгч болон нийт 30 орчим мянган уурхайчдын төлөөлөлтэй уулзалт хийж газар дээр нь ажилласан. Мөн шороон ордын уурхайн төлөөлөл болгон “Энержи ресурс” ХХК, “Эс Жи Эс” ХХК, “Өсөх зоос” ХХК, “МАК” ХХК, “Платинум ланд” ХХК, “Баян-Айраг” ХХК, “Уулс заамар” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудтай мэдээлэл солилцоод байна. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос “ХТХ-ийн 14/14-ийн ажлын хэсэгт орж ажиллан “Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.1.5-аас “нөхөн амруулаагүй бол” гэдгийг “хасах”, уг аргачлалын 8.3-т “ажлын цагийн нэгтгэн бодох зохицуулалтыг хэрэглэхгүй” гэж заасан хэдий ч ажилтнуудын илүү цаг, ээлжийн амралтын цалинг буруу тооцож ажилтнуудыг хохироож байгаа тул ХТХ-ийн 99.10-т зааснаар журамлах, тусад нь зохицуулах шаардлагатай байгаа болон ердийн ажлын цагаас буюу 8 цагаас илүү ажилласан цагт нэмэгдэл хөлс олгуулах” талаар санал хүргүүлж, уурхайчдад хандан мэдлэг мэдээлэл түгээх байдлаар ажиллалаа. МҮЭ-ийн холбооноос салбарын ҮЭ-ийн холбооны энэхүү асуудлыг дэмжиж ХНЗГТҮХ-г яаралтай зарлан хуралдуулах мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газарт хүрүүлээд байна.  

Эрчим хүчний салбарын ажилтнуудын дундаж цалин 2021 онд 1,8 сая төгрөг байсан бол 2022 онд 1,9 сая төгрөг, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтнуудын үндсэн цалин болон албан тушаалын цалинг 10 түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх заалт, эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөний санал, шаардлагын дагуу 11 дүгээр сарын 1-нээс 20 хувь нэмэгдүүлснээр 2023 оны жилийн эцсийн байдлаар 2.3 сая төгрөгт хүрээд байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 10 хувь нэмэгдүүлээд байгаа ба эрчим хүчний салбарын байгууллагуудын хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулах, төрийн хэмнэлтийн хуулиар далимдуулж зогсоосон зарим заалтыг буцаан хэрэгжүүлэх талаарх чиглэлийг эрчим хүчний бүх байгууллагад хүргүүлээд байна.  

Харин уул уурхайн салбарын хувьд Үндэсний статистикийн хорооны судалгаагаар уул уурхайн салбарын дундаж цалин 2021 онд 2,9 сая төгрөг, 2022 онд 4,3 сая төгрөг, 2023 оны IV улирлын байдлаар 5,1 сая төгрөг байна. Мөн Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын хэлэлцээрийг сурталчлах ажлын хүрээнд “Багануур” ХК, “Цайрт Минерал” ХХК, “Бор-Өндөр” УБҮ, “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлага, ажилчид ҮЭ-ийн хороодын 760 орчим гишүүдтэй уулзаж санал бодлыг сонсож, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийг танилцуулах болон бусад цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.

2022-2024 оны эхний дөрвөн сарын байдлаар анхан шатны ҮЭ-ийн хорооны гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалан ажиллах шинээр сонгогдсон ҮЭ-ийн дарга, сонгуультнуудыг чадавхжуулах сургалтыг нийт 5 удаа, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гишүүдийн сургалтыг 1 удаа, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын гишүүд, Хөдөлмөр хамгааллын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сургалтыг 3 удаа, нягтлан бодогч, хяналтын хорооны дарга, гишүүдэд зориулсан сургалтыг 3 удаа зохион байгуулж, нийт 12 удаагийн төлөвлөгөөт сургалтаар 400 гаруй сонгуультанг сургалтад хамруулжээ.

 

Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд

Жил бүрийн ХАБЭА-н сарын аяныг салбарын хэмжээнд зохион байгуулах, ХАБЭА-д анхаарч ажиллах чиглэл хүргүүлэн, ХАБЭА-н сарын аянд нэгдэж мэдээ тайлангуудыг нэгтгэж МҮЭ-д хүргүүлэх, хөдөлмөрийн хүрээнд гарч байгаа шинэ чиг хандлагыг салбартаа түгээн дэлгэрүүлэх, сургалт сурталчилгааг өргөжүүлэхэд анхаарч ажиллалаа.  

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь ОУХБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн санхүүжилтээр ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан нь гишүүдийн талархалыг хүлээсэн, салбарын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаанд санал, дүгнэлт болсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн төслийн хүрээнд эрчим хүч болон геологи, уул уурхайн салбар тус бүрт модульчилсан 3 сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 56 байгууллагын 200 орчим оролцогчид ХАБЭА-н хууль тогтоомж, ҮОМШӨ, ажлын байрны стресс, эрсдэл гамшгийн үед авах арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны хүрээ, зорилтыг тодорхойлж хамтран ажиллаж байна.  

Ослыг тэглэх алсын хараанд нэгдэх зорилт дэвшүүлэн аюулгүй ажиллах, ослыг тэглэх 7 алтан дүрмийг сурталчилгааны хуудас хэвлүүлж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны пэйж хуудсанд 2 төрлийн видео танилцуулга бэлтгэн байршуулснаар гадагшаа чиглэсэн мэдээллийг урсгалыг бий болголоо.   

2022 онд “Эерэг соёлыг төлөвшүүлье” уриан дор сарын аян зохион байгуулж дүгнэн ҮЭ-ийн хороодын дарга, ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 40 орчим оролцогчийг сургалтад хамруулж, улмаар Оюу толгой төслийн талбайд зочилж ил уурхай дахь ХАБЭА-н сайн туршлагаас судлах боломжийг олголоо.

2024 оны тавдугаар сарын 9-нд Оюу толгой төслийн гүний уурхай дахь ХАБЭА-н туршлагаас хуваалцахаар нийт 19 төлөөлөгч зочилж сайн туршлагаас суралцсан нь нийт уурхайчдын аюулгүй ажиллах зан үйлийг сайжруулах, улмаар үйлдвэрлэлийн ослыг бууруулахад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж итгэж байна.

Оюу толгой төслийн ХАБЭА-н багтай хамтран уул уурхайн ҮЭ-ийн хороодын дарга, ХАБЭА-н мэргэжилтнүүдийн 20 орчим төлөөлөл 2023 оны 12 дугаар сарын 5-нд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлуудтай танилцаж сонирхсон асуултаа асууж ярилцсан ба цаашид уулзалтыг тогтмолжуулах асуудлаар санал нэгдлээ. Дараагийн уулзалтыг уурхайчдын хооллолт, эрүүл хоол хүнсээр хангахад баримталж буй бодлоготой танилцаж, бусад уул уурхайн байгууллагууд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар харилцан туршлага солилцохоор тохироод байна.

ХАБЭА-н сарын аяныг 2023 онд “Эрүүл аюулгүй ажил-бидний суурь эрх”, 2024 онд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор тус тус зохион байгуулж, ажилтан хүнд аюул осолгүй ажиллах зан үйлийг дадуулах, Ослыг тэглэх алсын хараанд нэгдэх, ХАБЭА-н салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хуулийн дагуу зардал төсөвлөх, хасаж танахгүй зориулалтын дагуу зарцуулах, Хэвийн бус нөхцөлтэй ажлын байруудыг багасгах инноваци нэвтрүүлэхийг дэмжих, ХАБЭА-н эерэг соёлыг төлөвшүүлэх, манлайллыг дэмжих, Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, ХАБЭА-н тухай хуульд заасан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр баталгаажуулах, ҮО-ыг судлан бүртгэх комиссын гишүүдийг чадавхжуулах, ослоос урьдчилан сэргийлэх аюул эрсдлийг хянах, ҮО-ыг нуун дарагдуулахын хор уршгийг таниулах, хариуцлага тооцох нэрээр сар, жилийн үр дүнгийн нэмэгдлийг хамт олноор нь хасахгүй байх, ХАБЭА-н сайн туршлагаас хуваалцах, хамтран ажиллах зэрэг ажлыг хийж ирлээ.    

ХНХ-ын сайдын 2023 оны а/221 тоот тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д газрын доор ажил мэргэжилд шинээр код авах-3, нарийвчлан тусгах-3, хортой нөхцөлд шинээр код авах-3, нарийвчлан тусгуулах-1, дэд бүлгийн засвар-2, хөдөлмөрийн халуун нөхцөл-эрчим хүчний үйлдвэрлэлд нарийвчлан нэмж тусгах-2, хөдөлмөрийн хүнд нөхцөл – эрчим хүчний үйлдвэрлэл, хүндээс халуун руу нөхцөл өөрчлүүлэх-11, хүндээс хортой руу нөхцөл өөрчлүүлэх-2, уул уурхайн үйлдвэрлэлд нэмж найруулан тусгах-3, шинээр код авах-4 ажил мэргэжлийн санал хүргүүлж, уг журмыг хэрэглэх журамд байгууллага албан тушаалаар биш, мэргэжил, хийж гүйцэтгэх ажлын төвөгшил, ажлын байрны тодорхойлолтоор тусгаж, нарийвчлан кодлох санал хүргүүллээ.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгдсэн, нөхцөл сайжруулах арга хэмжээ авсан хэдий ч хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөлөл арилах боломжгүй дараах 12 ажлын байрыг ХНХ-ын сайдын А/221 тоот тушаалд тусгууллаа. Үүнд:

  • Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөс халуун руу - зуухан цехийн тоосны системийн машинч, турбин цехийн турбины машинч, турбин цехийн тохируулга тосолгооны мастер, турбин цехийн арматур засварын мастер, турбин цехийн машинт тоноглолын мастер, турбин цехийн цахилгаан ба хийн гагнуурчин, турбин цехийн гагнуурчин үрэлтийн аргаар гагнах, турбин цехийн тохируулга тосолгооны засварчин, турбин цехийн арматур, шугам хоолойн засварчин
  • Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөс хортой руу – хими цехийн аппаратчин /өндөр даралтын/, хими цехийн дунд даралтын аппаратчин /дунд даралтын/, хүнд даацын авто машины жолооч /белаз ачааны даац 100.1 тн-оос их/ зэрэг ажлын байрууд тусгагдсан. Мөн уурын зуухны галч хөдөлмөрийн хүнд нөхцөлд 8182-13 кодтой орсноор 21 аймаг, 330 сумдын уурын зуухны 3000 орчим хүмүүс тэтгэврээ хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох боломж бүрдлээ. ХНХ-ын сайдын 77 тоот тушаал нь ХНХ-ын сайдын а/221 тоот тушаал болон шинэчлэгдэж, урьд нь аль нэг байгууллагын ажил мэргэжил, албан тушаал тусгагддаг байсан бол одоо салбар харгалзахгүй дүйцүүлэн хэрэглэх боломжтой болсноороо маш олон ажил мэргэжлийг шинэчлэн хэрэглэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн акт боллоо.  

 

Тав. Тэгш хүртээмжтэй цалин, баталгаатай ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд

Эрчим хүчний үнэ тарифыг өөрийн үйлдвэрлэсэн өртгөөс багаар худалдан борлуулж, төрөөс үнэ тарифыг хатуу барьж байгаа нь салбарын байгууллагуудыг хөрөнгийн эх үүсвэргүй, алдагдал нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байгаа асуудлыг шүүмжилж, эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг шаардаж, эрчим хүчний салбарын ажилтнуудын ажлын байрны аюулгүй байдал, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хөндсөн “Тэвчээрийн тог тасарлаа” улсын анхдугаар зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж, нийслэл болон 16 аймгийн 13 мянган ажилтны төлөөлөл бүхий 270 орчим ажилтныг хамрууллаа. Уг зөвлөгөөнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Диспетчерийн үндэсний төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг газраас илтгэл мэдээлэл тавьж, зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тодорхой хариултуудыг өгч ажилласан.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос зөвлөгөөнд оролцогчдоос гарсан санал шаардлагыг Монгол Улсын ЗГХЭГ, ЭХЯ, ЭХЗХ, ТӨБЗГ, ХНХЯ-нд хүргүүлж, уулзалт хийж, албан хариуг авч ҮЭ-ийн хороодод тухай бүр мэдээлэл хүргүүлсэн.

 Эрчим хүчний салбарын байгууллагууд хөрөнгийн эх үүсвэргүй хүндрэлтэй байгаа хэдий ч МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос явуулсан тэмцлүүдийн үр дүнд 2022 оны сүүлийн хагаст 10 хувь, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 буюу түүнээс дээш хувь, 11 дүгээр сард 20 хувь, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар тус тус цалинг нэмэгдүүлээд байна.

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрт оруулсан шинэ заалтуудыг дурдвал, хамтын хэлэлцээрт нийцүүлэн дүрэм, журмаа өөрчлөхдөө ҮЭ-ийн саналыг авч, ажилтны төлөөлөлд хариу өгөх, хүүхдэд ээлтэй байх бодлого хэрэгжүүлэх, жендэрийн тэгш оролцоог хангаж, дарамт хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх, шөнийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж олгох, хөдөө орон нутгийн байгууллагуудад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, сургахад хамтран ажиллах, салбарын хэмжээнд хийгдэж буй ажилтнуудын мэргэжил, боловсролын түвшинг дээшлүүлэх зорилгоор цалинтай чөлөө олгох, эрдэм шинжилгээний ажилтанд 2-3 сарын цалинтай чөлөө олгох, цайны газраар үйлчлүүлэх боломжгүй ажилтнуудад хоолны үнийн 60 хувиар хөнгөлөлт олгох, ажилтан болон гэр бүлийн гишүүд нас барахад олгох тэтгэмжийн 3 заалт, бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах тохиолдолд олгох тэтгэмжид тавигдах хугацааг богиносгож, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, ажил амралтыг уян хатан зохицуулах, ажлын тусгай хувцас хэрэгслээр хангахад ҮЭ-ийн хяналтыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах, ҮЭ-ийн орон тооны сонгуульт ажилтанг хамтын гэрээнд хамруулж ажил олгогч зардлыг хариуцах, ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийн баталгааг хангуулахад нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллах /1.9, 1.11, 2.7, 3.5, 4.4, 4.9, 4.10, 5.1, 5.7, 5.8, 5.10, 5.17, 5.21, 6.7, 6.8, 7.3, 7.6/ зэрэг заалтыг шинээр тусгаж, зарим заалтуудыг шинэчлэн найруулж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Эрчим хүчний салбарт дарамт хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэхэд манлайлж, Эрчим хүчний засаглал хөтөлбөртэй хамтран хоёрдугаар сарын 28-нд сургалт зохион байгуулж ҮЭ-ийн хороодын дарга, эмэгтэйчүүдийн хэсгийн дарга нарт ойлголт, мэдлэг өгч, цаашид ч цалингийн бодит худалдан авах чадварыг хадгалах, сайжруулах зорилгоор цалин хөлсний бодлоготой болох, үнэ тарифыг өөрийн өртөгт хүргэх зэрэг олон ажил төлөвлөөд байна.

Хөдөлмөрийн тухай хуулинд уртын ээлжийн ажилтнуудын ажил амралтын хуваарийг тэгш байдлаар тусгасантай холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлс олгох асуудлыг бүхий л шатанд тавьж, ердийн ажлын 8 цагийг мөрдөхийг шахаж шаардаж, жагсаал цуглаануудад оролцож байна. Өмнөговь аймаг дахь Цогт-Цэций, Ханбогд, Гурвантэс сумдад үйл ажиллагаа явуулж байгаа зургаан үндсэн компанийн 30 орчим мянган ажилтны төлөөлөлд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт, эвлэлдэн нэгдэж хамтын гэрээ, хэлэлцээрээр эрх ашгаа хамгаалах боломжийн талаар мэдээлэл хийсэн нь томоохон ажил байсан бөгөөд нийт ажилтнуудаас гарсан 14/14 хэвээр мөрдөх, илүү цагийн хөлс олгуулах зэрэг саналыг үйл ажиллагаандаа тусган Засгийн газар, ХНХЯ-нд уламжилж, гурван талт бүтцүүдэд саналаа хамгаалан ажиллаж байна.

Геологи, уул уурхайн хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрт тусгагдсан шинэ заалтуудаас дурдвал, төрийн өмчит байгууллагын ажилласан жилийг тооцохдоо үндсэн болон гэрээт компанид ажилласан жилийг тухайн байгууллага, салбарт ажилласнаар тооцох, орон тооны ҮЭ-ийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын ажилласан хугацааг тооцох болон сарын үр дүнг байгууллага олгох, салбарыг хөгжүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах, сул байгаа ажлын байрны нэгдсэн мэдээллийн сантай болоход хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн компани, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах, улмаар эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийг хангуулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэх асуудлыг хамтын гэрээгээр зохицуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож олгох, салбарын улсын зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулах, өндөр насны тэтгэвэрт гарахад салбарын ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлж ажилласан жилээр үржүүлж олгох, ажилтан нас барвал 6 сараас дээш үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох, орон сууц авах ажилтанд дэмжлэг үзүүлэх, бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах тохиолдолд олгох тэтгэмжид тавигдах хугацааг богиносгож, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, ажил олгогч хэвийн бус нөхцөлийг бууруулах арга хэмжээ авах, ажил олгогч нь гэнэтийн ослын даатгалд хамруулах, ХАБЭА-н салбар хорооны үйл ажиллагааг тодорхойлох, ажил олгогч ҮЭ-д мэдээлэл өгөх, дэмжиж хамтран ажиллах, ҮЭ-ийн сонгуульт ажилтныг хамтын гэрээнд хамруулж ажил олгогч зардлыг хариуцах, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах баталгааны асуудал зэргийг /2.1,  2.3, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 3.1, 3.3, 4.2, 5.4, 5.12, 5.15, 5.16, 6.2, 6.4, 6.6, 7.1, 7.2, 7.3, 8.3/ тусгаж, зарим заалтыг шинэчлэн найруулж тусган, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос салбарын яам, эздийн байгууллагатай байгуулдаг 2 хамтын хэлэлцээрийг сурталчлах сургалтад 70 орчим байгууллага хамрагдсан төдийгүй 14 аймаг, 30 гаруй аж ахуйн нэгж дээр ажиллан хамтын гэрээ, хэлэлцээрийн уялдааг хангуулах, салбарын ҮЭ-ийн үйл ажиллагааг сурталчлах, санал хүсэлтийг авах, анхан шатны ҮЭ-ийн хороодын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлд голчлон анхаарч 1800 орчим гишүүд, ажилтнуудыг хамрууллаа. 

Тэгш хүртээмжтэй цалин, баталгаатай ажлын байрыг бий болгох зорилгоор 2022, 2023 оны шилдэг ҮЭ-ийн хороодын туршлага хуваалцах үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн зохион байгуулж “ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан сургалт”, “ҮЭ-ийн хороодын захиалгат сургалт”, “ҮЭ-ийн хороодын дарга, нягтлан бодогч, Хяналтын хорооны дарга нарын сургалт”, “ҮО-ыг судлан бүртгэх комиссын гишүүдийн сургалт”, “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гишүүдийн сургалт”, “Хамтын хэлэлцээрийг сурталчлах сургалт”, “ХАБЭА-н салбар хороодын гишүүдийг чадавхжуулах” зэрэг чиглэлээр сургалт, арга хэмжээг шат дараатай зохион байгуулжээ.

Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хуулиуд шинэчлэгдэн, холбогдох 100 орчим дүрэм журам шинэчлэгдэн, мөн шинээр батлагдан мөрдөгдөж, ажиллах хүчний дутагдал үүсч, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж тогтворгүй болж, хувьсан өөрчлөгдөж байгаа ХАБЭА-н асуудалд дэлхий нийт юу юунаас илүү анхаарч буй энэхүү цаг үед дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллах нь зүйтэй байна. Үүнд:  

  1. ХАБЭА-д Манлайлал-Эерэг хандлага-Идэвхтэй оролцоо уриалга дэвшүүлэн ҮЭ-ийн хяналтыг бүх шатанд сайжруулж, хэвийн нөхцөлтэй ажлын байр бий болгохыг бодлогоор дэмжих
  2. ҮЭ-ийн гишүүдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулахыг шахаж, гишүүдийг чадавхжуулах олон талт үйл ажиллагаа явуулж, өмгөөллийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
  3. Салбарын хамтын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтийг шаардсан тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, бүхий л шатандаа холбогдох арга хэмжээг авч нэгдэж ажиллах
  4. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж, ажилтны ажлын байрыг хамгаалж, хамтын гэрээ хэлэлцээрийг чанаржуулан мэргэжил олгох, дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх
  5. ҮЭ-ийн үйл ажиллагаа явуулах, сонгуульт ажилтны нийгмийн баталгааг хангуулах, ҮЭ-ийн ажилтны ёс зүйг эрхэмлэн дүрмийг чанд мөрдөн ажиллаж,  нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах
  6. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, цалин хөлс олгохтой холбоотой зарим дүрэм журам, аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулах

 

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь 1996 онд байгуулагдсан цагаасаа эхлэн амжилт бүтээл, алдаа оноотойгоо гишүүд хөдөлмөрчидтэйгөө хамт байлаа. Амжилтаа бататган, алдаагаа засаж байж эвлэлдэн нэгдсэн гишүүддээ илүү таатай боломжийг бүрдүүлж, эрх ашгийг нь хамгаалан ажиллаж, хойч үедээ ҮЭ-ийн байгууллагаа нэр төртэйгөөр өвлүүлэн үлдээх учиртай. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь 3 салбарын 100 орчим ҮЭ-ийн хороог эгнээндээ нэгтгэсэн том айл болтлоо өргөжсөн ба дүрмээ мөрдөж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, нийгмийн түншлэгч байгууллага, гишүүд, ажил олгогч руу хандсан мэдээллийн сувгийг хөгжүүлж, ёс суртахуунтай, дүрэм журамтай, хууль ёсны байгууллага гэдгээ цаг ямагт батлан харуулж, аливаа асуудалд ажил хэрэгч, тооцоо судалгаатай, шинжлэх ухаанчаар хандаж шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй гишүүдэд хүргэж ажиллах сорилт бид бүхний өмнө тулгарч байна.

Ухамсартай, хариуцлагатай гишүүдийг төлөвшүүлэх замаар ҮЭ-дээ хайртай, үйл ажиллагааг нь дэмжиж оролцдог, хяналтаа шударгаар хэрэгжүүлж ажилладаг шинэ үеийг хамтдаа бүтээх шаардлагатай байна.

Эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ эрхийг хамгаалан, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийн төлөө, хүчирхэг ҮЭ-ийг бий болгохын төлөө МЭХГУУ-н ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн гишүүд, сонгуультан та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.