Олон улсын ХАБЭА-н үзэсгэлэнд тавигдсан хувцас хэрэгслүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахуйц хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлсэн нь нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм байлаа. Ганц жишээ дурдахад, гаднаас нь харахад энгийн л нэг бээлийнд цельсийн 550 хүртэлх градуст шатдаггүй технологийг шингээсэн байх бөгөөд үзэсгэлэнг сонирхогчид бээлий галд шатахгүй байгааг бодитоор харж, гайхан бахархсан билээ.
ХАБЭА-н хувцас хэрэгслийн дэлхийн чиг хандлагатай МЭХГУУ-н салбарын аж ахуйн нэгжүүд хөл нийлүүлэх нь зүйтэй бөгөөд ингэснээр үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг ихээр бууруулах онцгой ач холбогдолтой гэдэгтэй үзэсгэлэнд оролцогчид санал нэгдсэн юм.
Олон улсын ХАБЭА-н үзэсгэлэн яармагт оролцож шинэ инновацитай танилцах, мэдээлэл авах, эрүүл мэндийн үзлэг, бүтэн биеийн багц шинжилгээнд хамрагдах боломжоор хангасан Эйрмэйн тур аяллын компанийн хамт олонд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны зүгээс гүн талархал илэрхийлье.