ЭВЛЭЛДЭН ТЭМЦСЭН 145 АЙЛ ДУЛААН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙНА

Ж.Баярхүү

Энэ түүх ингэж эхэлжээ: ДЦС-3 ТӨХК-ийн захиргаанаас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 онд өөрийн өмчийн газар дээр долоон блок орон сууцны барилга бариулж, 2017 онд бүрэн ашиглалтад оруулахаар “Соёмбо групп” ХХК-тай гэрээ байгуулжээ.

Гэвч захиалагч, гүйцэтгэгч хоёр компанийн дунд үл ойлголцол үүсч, барилгын ажил удааширсаар бүтэн долоон жил өнгөрч, 2022 онтой золгов. Энэ хугацаанд ДЦС-3 ТӨХК-ийн ажилтнуудын зарим нь “удахгүй ашиглалтад орох” орон сууцныхаа урьдчилгааг өгөхийн тулд хашаа байшингаа заран байр түрээсэлж, зарим нь ипотекийн зээлд хамрагдан, олон жил түрээсийн мөнгө, банкинд орон сууцны зээлийн хүү төлсөөр иржээ.

2021 оны 12 дугаар сард ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны даргын ээлжит сонгууль болж, тус компанийн ХАБ-н хяналтын инженер Ш.Энхсаран хорооны даргаар сонгогдов. Компанийн ажилтнууд ч ҮЭ-ийн хорооны шинэхэн даргаасаа дээрх асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн байна.  

Тэр үед дөнгөж хоёр блок барилгын явц 70 орчим хувьтай, захиалагчийн зүгээс “Танайх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барилгын ажлаа үргэлжлүүлээгүйгээс манай ажилтнууд өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадахгүй байна” гэх бол гүйцэтгэгч “Танай ажилтнууд орон сууцны захиалгынхаа 30 хувийг урьдчилан шилжүүлээгүй учраас барилгын ажил зогссон. Энэ хооронд ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнэ нэмэгдсэн учир өнөөдөр ийм байдалтай байна” гэх мэтээр үг хэлээ ололцохгүй, хоорондоо бичиг цаас шидэлцсэн байдалтай байлаа. Иймд, хорооны дарга Ш.Энхсаран ДЦС-3 ТӨХК-ийн захиргаанд хүсэлт тавьж, уг асуудлаар Ажлын хэсэгт орж ажиллажээ.

Тэрбээр нэн түрүүнд хоёр компанийн анхны гэрээ, өнгөрсөн бүх хугацаанд харилцан бичилцсэн албан бичгүүдийг нэгбүрчлэн судлав. Компаниуд анх гэрээ байгуулахдаа ҮЭ-ийг оролцуулаагүй бөгөөд гэрээнд “Тендерт шалгарсан компани барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барина, ажилтан түлхүүрээ хүлээж авахдаа мөнгөө төлнө” гэж заасан байв. Гэвч барилгын явц удаашраад байсан учир аль болох хурдан ашиглалтад оруулахын тулд ДЦС-3 ТӨХК-ийн зүгээс ажилтнуудаа зээлэнд хамруулж, захиалсан орон сууцных нь бүх мөнгийг төлүүлсэн байлаа. Энэ бүхний эцэст Ш.Энхсаран “Өнөөдрийг хүртэлх бүх үйл явц ДЦС-3 ТӨХК-ийн тухайн үеийн удирдлагуудын буруу шийдвэрээс 100 хувь хамааралтай учир ажилтнуудыг хохироосон үйлдэлдээ захиргаа хариуцлага хүлээх ёстой. Энэ бол ажил олгогч, барилгын компани хоёрын л хүлээх үүрэг. Харин ажилтанд хүлээх ямар нэгэн үүрэг энд байхгүй” хэмээн хатуу байр сууриа илэрхийлсэн юм.   

Ингэсээр, хоёр блок барилга арай ядан баригдаж ашиглалтад орох болоход бас нэгэн асуудал босч ирэв. Тодруулбал, ДЦС-3 ТӨХК-ийн ажилтнууд захиалгын төлбөрөө 100 хувь төлчихсөн атал энэхүү хоёр блок барилга дахь 154 айлын орон сууцны ордерыг “Соёмбо групп” компани өөрийн нэр дээр гаргуулчихсан байлаа. Тэр ч байтугай, орон сууцнуудыг гадны хүмүүст зарсан гэх мэдээлэл ҮЭ-ийн хорооны даргад иржээ.  

Гэрээ ёсоор өдийд долоон блок барилга баригдаж, ДЦС-3 ТӨХК-ийн ихэнх ажилтнууд орон сууцтай болчихсон байх ёстой атал арай гэж баригдсан хоёр блок нь хүртэл “Соёмбо групп” ХХК-ийн 100 хувийн өмч болчихсон, үүн дээр нэмээд, компаниас ажилтнууддаа олгодог орон сууцны дэмжлэгийг өнгөрсөн хугацаанд зогсоосноор ажилтнууд давхар хохирч үлдсэн байна. Энэ талаар Ш.Энхсаран захиалагч, гүйцэтгэгч хоёр компанид  мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой шийдэлд хүрэхгүй байв. Харин ч “Соёмбо групп” компаниас “Танай хүмүүс 30 хувиа хугацаандаа төлөөгүй, гэтэл цар тахал гарч барилгын материалын үнэ нэмэгдсэн тул манай компани алдагдал хүлээсэн. Ийм учраас, метр квадрат тус бүрт 450-600 мянган төгрөг нэмж төлөх юм бол танай хүмүүст орон сууцны түлхүүрийг өгнө” гэв. Энэ тохиолдолд айлууд орон сууцны хэмжээнээс шалтгаалан 15-40 сая төгрөг нэмж төлөх байсан учир Ш.Энхсаран “Би энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай хүмүүс мөнгө нэмж төлөх ёсгүй. Харин ч бид үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авах ёстой” хэмээн мэдэгджээ. Тэрбээр компанийнхаа хуулийн мэргэжилтэнд болон хувийн өмгөөлөгчдөд хандахад “Ийм нөхцөлд танай ажилтнууд байрандаа түрүүлж орж суух нь давуу тал болно шүү” гэж зөвлөсөн байна.

Тухайн үед Ш.Энхсаран компанийнхаа ажилтнуудыг яаж хохиролгүй болгох талаар өдрийн бодол, шөнийн зүүд болж байлаа. Шавилхан биеэс нь хэтийдсэн гэмээр зориг, эн тэнцүү айдас хоёр түүний дотор арцалдан тэмцэлдэж байсан юм. Эцэст нь түүнд нэгэн “мэргэн” санаа төрсөн бөгөөд “Өөр сонголт алга!” хэмээн өөрийгөө зоригжуулав. Тэрбээр захиалагч нараа цуглуулан хуралдаад, “Соёмбо групп” ХХК-д хандан “Бид очиж уулзъя. Танай мэдэгдлийг хүлээж авъя” гэв. Энэ удаад түүний хувьд тэр барилга руу орох нь л чухал байв. Өөрөөр бол түүнийг тийш оруулахгүй нь тодорхой байсан юм. Ийнхүү Ш.Энхсаран ҮЭ-ийн гишүүд, захиалагчдаа дагуулан шинэхэн барилгад нэвтэрч, “Соёмбо групп” компанийнхантай уулзаад “Танайх манай орон сууцнуудыг маш олон гадны хүмүүст зарсан учир бид өмчөө ингэж хамгаалахаас өөр арга алга” гээд тэр байшингаас буцаж гарахгүйгээ мэдэгдэв. Энэ бол хэний ч санаанд оромгүй бөгөөд хувь хүнийхээ хувьд асар том эрсдэл үүрсэн алхам байсан юм.

Ийнхүү, ДЦС-3 ТӨХК-ийн 100 гаруй ажилтан ҮЭ-ийн хорооны даргатайгаа хамт 2022 оны есдүгээр сард, халаалт өгөөгүй, жавар хургасан барилга дотор Баасан гарагийн оройноос эхлэн гурав хоног даарч, өлсөн суухдаа эв нэгдэл гэгч хэчнээн хүчтэй болохыг, ҮЭ-ийн гишүүн байхын утга учрыг ойлгосон болов уу. Тухайн үед ДЦС-3 компанийн захиргаанаас ажилтнууддаа халуун хоол, цай авчирч өгч байлаа. Бас захиалагчдын ар гэрээс, тэр ч байтугай орон сууц захиалаагүй ажилтнууд хүртэл халуун хоол, цай зөөж, ҮЭ-ийн хорооны даргыгаа даарчих вий хэмээн гутлаа авчирч өмсгөх хүн ч байлаа. Энэ бол эв нэгдэл байлаа...

Энэ гурав хоногт “Соёмбо групп” ХХК-иас “Та манай компанийн өмчид хууль бусаар хандлаа” хэмээн олон удаа сануулж, Цагдаагийн газрын шаардлагууд ч ар араасаа цуварч, цагдаа нар байсхийгээд л эргэлдэж, ҮЭ-ийн гишүүд ажилтнуудад эсэргүүцэл тулгарсаар байсан юм. Хэрэв Ш.Энхсаран тэнд ганцаар сууж байсан бол цагдаа шууд баривчлаад явах нь тодорхой байсан бол 100 гаруй хүнийг бөөнөөр нь баривчилж чадаагүй билээ. ҮЭ-ийн гишүүн байж, эвлэлдэн нэгдэхүйн утга учир чухамдаа ийм л зүйлд оршдог аж...

Тэд бүх орон сууцны цоожийг эвдэж голыг нь солиод, Даваа гарагийн өглөө Ш.Энхсаран ҮЭ-ийн гишүүддээ хандан “За одоо бүгд тавилга хогшлоо зөөж, гэртээ нүүж ир. “Соёмбо групп” компани тэртэй тэргүй шүүхдэж таарна, өөрийн хувийн өмч гэж хандах биз. Шүүх цагдаагаар яваад шийдвэр гартал хэдүүлээ эндээс гарч болохгүй, өмчөө ингэж л хамгаалъя” гэж захиад явжээ.

Ямартаа ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ДЦС-3 ТӨХК-ийн 145 ажилтан, тэдний ар гэр, үр хүүхдүүд өөрийн байранд, тав тухтай орчинд, түрээсийн мөнгө төлөхгүй амьдарч байна. Энэ хооронд уг асуудал давж заалдах шүүхээр ороод, буцаад анхан шатны шүүх дээр ирчихээд байгаа аж.

Эцэст нь хэлэхэд, Ш.Энхсаран тэр орон сууцанд захиалга өгөөгүй. Тэр өөрийнхөө өмчийн төлөө биш, ҮЭ-ийн гишүүд ажилтнуудынхаа төлөө өөртөө эрсдэл үүрэн зүтгэсэн ганцхан жишээг дурдахад энэ байлаа. Тэрбээр одоо ч гэсэн “Гишүүдээр маань нэмж мөнгө төлүүлэх шүүхийн шийдвэр гарчих вий...” гэж сэтгэл зовнисоор явна. Гишүүдээсээ нэг ч төгрөг нэмж гаргуулахгүй байх нь түүний зорилго. Удахгүй шүүх хурал дахин зарлагдана. Мэдээж, шүүх шударга үнэний талд зогсоно гэдэгт итгэлтэй байна.