УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АЖИЛЛАГСДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэлэлцүүлэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэргэжилтнүүд оролцон, уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон зөрчлийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого зохицуулалтын асуудлыг хэлэлцэж, тодорхой санал боловсруулан холбогдох газруудад хүргүүлж ажиллав.

Уншигч танаа эргэн сануулахад:

2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Хятад улсын хөрөнгө оруулалттай SGS компанийн туслан гүйцэтгэгч Сино Хайдро Корпорэйшн Монголиа ХХК-ийн 200 гаруй ажилтан МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд хандаж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн асуудлаар уулзалт хийсэн юм. Салбарын ҮЭ-ийн холбооноос энэ өдрийн 16 тоот албан бичгээр ГБХНХЯ-нд “Хяналт шалгалт хийлгэх тухай” хандсаны дагуу Хамтарсан ажлын хэсэг байгуулагдан 2025 оны хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сино Хайдро Корпорэйшн Монголиа ХХК дээр очиж ажилласан.

Хяналт шалгалтын явцад илэрсэн нөхцөл байдал, хуулийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар уурхайчид, ҮЭ-ийн гишүүдийн зүгээс нээлттэй мэдээлэл хүсч байсан учир уг хэлэлцүүлгийг зохион байгуулах шаардлагатай болсон юм. Энэ нь Сино Хайдро гэдэг компанитай холбоотой гэхээс илүү уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нийтлэг зөрчил, шийдвэрлэх асуудлууд гэдгийг онцлон дурдмаар байна.