МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ УРИЛГААР БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Энэ удаад МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар БНСУ-ын Үндэсний цахилгаан эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон тэргүүлэгчид БНСУ-ын Үндэсний цахилгаан эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Жо Чан Ён, Боловсрол, соёлын газрын дарга Чой Жэ Гю, Цахилгаан эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн салбар хорооны дарга Хон Сон Ён, Дэгү (Daegu) салбар хорооны дарга Ким Жон Жин нарыг хүлээн авч уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын онцлог, хамтын гэрээ хэлэлцээр, ХАБЭА, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, эрчим хүчний салбарын шинэчлэл болон ногоон, шударга шилжилт, хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдлүүдийн талаар санал солилцлоо.

Энэ үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат салбарын холбооны бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Мөн, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир БНСУ-ын Үндэсний цахилгаан эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улс болон БНСУ-ын ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад талархал илэрхийлэн мэндчиллээ.