Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрт тусгагдсан заалтууд эхнээсээ амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо.
Тэрээр “Олон жил авлигалд идэгдсэн далд эдийн засгийн хөрөнгө ил болж, хөрөнгийн урсгалыг ард түмэнд зориулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд хоёр удаа нэмж, олон жилийн турш ҮЭ-ийн байгууллагаас тавьж байсан бүсийн орон нутгийн нэмэгдэл цалин олгох, иргэдэд хувьцаа олгох, ногдол ашиг олгосон. Мөн тэтгэврийн реформ хийж тэтгэврийг өвлүүлэх, тооцох аргачлал, индексжүүлж, засаглалыг сайжруулах өөрчлөлтүүд хийж, эдийн засгийг сэргээх, валютын ханшийг тогтворжуулан ажиллаж байгаа тул авлигал хулгай, албан тушаалын хэргүүдэд хариуцлага тооцох алдагдсан боломжуудыг сэргээхэд МҮЭ-ийн Холбоо шаардаж дэмжиж ажиллана.
Цаашид нүүрс, сангууд, банк, тэндерийн хулгайг дахин гаргуулахгүй ил тод шударга байлгах тогтолцоо засаглалыг бий болгох шаардлагатай. Ялангуяа нийгмийн түншлэлийг үл тоодог албан тушаалын алдаа дутагдал гаргадаг, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зөрчил гаргадаг зарим монополь шахуу ААНБ-ууд үгсэн хуйвалдаж үнэ ханшаа өсгөх, зохиомол хомсдол үүсгэж байгаа, банк санхүүгийн зээлийн хүүгийн дарамт, ажиллах хүчний гадагшлах урсгал зэрэг асуудалд онцгой анхаарч, өвөлжилтийн хүндрэл зудын нөхцөл байдал түүнийг дагасан хүндрэлийн даван туулах, дагаж гарах асуудалд шуурхай арга хэмжээг авах, малчдын нийгмийн асуудал, эрүүл мэндэд анхаарах, нийслэл хотын орчны аюулгүй байдал хангуулах, осол аваараас сэргийлэхэд МҮЭ-ийн холбоо дэмжиж хамтран ажиллана” гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- “МУ-ын Засгийн Газар Шинэ сэргэлтийн Бодлого хэрэгжүүлж, Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж, Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Бүх асуудлын тээг нийгмийн Баялгийн хулгайтай цөөн хүн хүртдэг байдлыг таслан зогсоох тэмцэл, ил тод байдлын ачаар Нүүрсний, сангийн, банкны, тендерийн гээд буруу замын мөнгөний урсгал төсөв рүү нийтийн сан руу орж валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор бид хэлэлцээрээр хүлээсэн тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн.
2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж хот руу гадагшаа урсгал багасаж буцах урсгал бий болсон үр дүн ажиглагдаж байна. Нийгмийн шудрага бус байдал дундаж давхаргаа тэлэх, ард түмний ажил орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг хангахад Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбооны үүрэг оролцоо өндөр байдаг цаашид ч бид хамтран үр дүн гаргахын төлөө ажиллана. Ардчилсан нийгэмд нам төр дангаар шийдэх биш ажил хөдөлмөр эрхлэгчид, ажил олгогчидын төлөөлөлтэй шийдвэр гаргах түвшинд хамтран дэлхийн чиг хандлага руу хамт алхахад талуудын манлайлал чухал юм.
Жирийн ард иргэдийн дуу хоолой төрийн шийдвэр гаргах түвшинд байж чадвал илүү бодитой илүү хүртээмжтэй шудрага нийгэм бий болох юм. Хөдөө орон нутаг, салбар дунд анхан шатанд тулгамдаж байгаа асуудлуудаар ҮЭ-ийн төлөөлөл та бүгдийн тавьж буй шаардлага тэмцэл зүй ёсны бөгөөд бид бодит ажил хэрэгч байдлаар ЗГ-ын холбогдох сайд, орон нутгийн удирдлагуудтай илүү нарийвчлан шийдэл гаргаж ЗГ шийдвэр гаргаж ажиллана” хэмээн хэллээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа:
-"Нийгмийн түншлэл ҮЭ, Ажил олгогчдын байгууллагуудтай цаашид илүү өргөн хүрээнд хамтарч ажиллана. МҮЭ-ийн холбоо хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, дагаж хэрэгжүүлэх бодлого, нийгмийн даатгалын шинэчлэл, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн хяналтад үүрэг оролцоо маш өндөр байсан учраас Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийж, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа"-г онцоллоо. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн дутмаг байгаа тул хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байгааг хэлж байсан юм.