НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭНҮҮДИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

 Эрчим хүчний салбарын үнэ тарифын нэмэгдэл, 13 дахь сарын цалин олгох, уул уурхайн салбарт ердийн ажлын цагийг мөрдөж, илүү цагийн нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцож олгох хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлыг Засгийн Газарт тавьж, Оюу толгой ХХК-д үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцууллаа.

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд гэрээний биелэлтийн явцыг дүгнэх, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах, салбар аймаг, нийслэл, дүүргүүдийн хамтын гэрээ хэлэлцээр, нийгмийн түншлэлийн байдлыг дүгнэн, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэхээр гуравдугаар сарын 6-нд МҮЭ-ийн холбооны удирдлагууд, Монгол улсын засгийн газрын бүрэлдэхүүн сайд нар, салбарын болон аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн”-ээ илэрхийллээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйл заалт, салбарын болон нийслэл, аймгуудын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гарц гаргалгааг хамтран ярилцсан юм.

Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллүүд дараах байр суурийг илэрхийлэв.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Дэлхийн чиг хандлага ч НҮБ, ОУХБ, ОУҮЭХ-оос нийгмийн шинэ гэрээ, хүртээмжтэй өсөлт, хүн төвтэй нийгмийг бий болгох уриалгыг бүх орнуудад тавьж байгаа. Салбар, аймаг сум дүүрэг, ААНБ-ын түвшинд бид хамтын гэрээ нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх шаардлагатай байна. Аливаа шийдвэр асуудлыг шийдэхдээ ажилчид, ажил олгогчдын санал байр суурийг сонсож, шийдвэл илүү амьд шийдвэр болно.

Бид Засгийн газар, ажил олгогч нарт хөдөлмөр нийгмийн хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн. Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх саналыг дэмжиж сүүлийн олон удаагийн хэлэлцээрээс илүү өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил МҮЭХ-ны ярьж тусгаж байсан бүсийн нэмэгдэл буюу орон нутгийн нэмэгдлийг олгохоор шийдсэн нь нүдээ олсон шийдвэр байсан. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна. Мөн иргэдэд хувьцаа олгох ногдол ашиг олгох заалт хэрэгжиж эхэллээ. 10 гаруй жил ярьсан тэтгэврийн шинэчлэл өвлүүлэх, засаглал сайжруулах зэрэг томоохон реформыг хэлэлцээрт тусган хуулиа батлууллаа. ҮЭ-ийн хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Мөн Үнэ тарифын асуудлаар хяналт тавих зөвлөл байгуулах хэрэгтэй, зарим үнийг хэт бариад, зарим монопол  ААНБ-ууд үнийг хэт хөөрөгдөж байна. Хөдөө орон нутагт орчны эрсдэлд бэлэн байх хөдөлмөрийн аюулгүй байдалд гурван тал онцгой анхаарах хэрэгтэй байна. Төсөвт ХАБЭА зардлыг тодорхой тусгах шаардлагатай. Мөн иргэдийн орон сууц, нийгмийн хамгаалалд тодорхой хөтөлбөр төслийг хэрэгжүүлж дэмжих шаардлагатай. МЭХГУУ-н  ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор:

-Монгол улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” -ыг баталсан. “Эрчим хүчний сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт эрчим хүчний үнэ тарифыг зохистой болгох, өөрийн өртгөө нөхөх хэмжээнд хүргэх, энэ салбарыг ашигтай, аюулгүй ажиллахтай холбоотой технологийн шинжтэй хөрөнгө оруулалтыг хийх заалтууд тусгагдсан. Шинэ сэргэлтийн бодлого хэзээ манай салбарт хэрэгжих вэ?

Эрчим хүчний үнэ тариф өөрийн өртгөө нөхдөггүйгээс болж  санхүү, хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай  байна. Үүнээс шалтгаалж салбарт ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгдөж байна. Бид эрчим хүчний салбарын ажилтнуудыг хамарсан “Тэвчээрийн тог тасарлаа“ зөвлөгөөнийг зохион байгуулж  энэ асуудлыг нийгэмд  гаргаж тавьсан. Энэ бодлого хэрэгжихгүй байгаагаас болж ажилтан ажлаа хийсэн ч цалин хөлсөө шударга үнэлүүлж чадахгүй, эрүүл аюулгүй ажлын байранд ажиллаж чадахгүй байна. Технологийн өөрчлөлт хийж чадахгүй байгаа нь үнэ тарифын алдагдалтай холбоотой. Ажил олгогч, ажилтанд ээлтэй ажлын байр бий болгох ямар ч боломжгүй байна. Манай ажиллагсад цалин хөлс багатай, нийгмийн асуудлуудаа шийдүүлж чадахгүй, дээрээс нь эрсдэлтэй, аюултай ажлын байранд ажиллаж байна. Энэ бодлого хэзээ хэрэгжиж, эрчим хүчний салбарын ажиллагсад эрүүл аюулгүй, хүн ажиллахад таатай  ажлын байранд  ажиллах вэ?” гэсэн асуултыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд

 -Бид зөвлөгөөн зохион байгуулсны дараа  арван сард уулзалт хийсэн. Энэ уулзалтаар бид санал шаардлагын дагуу 11 дүгээр сард хорин хувь нэмье. Нэгдүгээр сарын нэгнээс  арван хувь нэмнэ гэж тохирсон. Зорилтот түвшин батлагдахад 13 дахь сарын цалин тусгагдсан гэж бид ойлгож байгаа. Гэтэл нэгдүгээр сарын нэгнээс зарим байгууллагуудын цалин нэмэгдээд, зарим нь нэмэгдэхгүй байсаар өдийг хүрлээ. Энэ шийдвэр яагаад ялгаатай байдлаар хэрэгжээд байна вэ? 13 дахь сарын цалин олгох асуудлаар таны байр суурийг сонсъё” гэж Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэнд

Манай салбарын ажиллагсад нийт экспортын 93 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Уул уурхайгаас бусад бүх салбарын ажиллагсад ердийн ажлын цаг болох найман цагаас илүү ажилласан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулиар нэмэгдэл хөлсөө аваад явж байна. Гэтэл уртын ээлжээр ажилладаг гээд манай уурхайчдын ердийн ажлын цагийг 12 цаг болгоод ажиллуулж байна. Уул уурхайн яам энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлнэ үү? гэсэн асуултыг Уул уурхайн Төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэнд тус тус  тавилаа.  Асуултад Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн “Өнгөрсөн онд хорин хувь нэмсэн. Одоо бид бизнес төлөвлөгөө, зорилтот түвшин батлахдаа арван хувиар нэмэгдүүлнэ гэж зорилт дэвшүүлээд баталсан. Гэхдээ хөрөнгө мөнгөний дутагдалд орчихсон  болохоор зарим аж ахуйн нэгж байгууллагууд өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй дутагдал бий. Манай салбар дээр энэ жилийг дуустал тарифын өөрчлөлт хийхгүй бол тодорхой хэмжээний эх үүсвэрийн дутагдалд орчихсон нөхцөл байдлаа   Засгийн газар,УИХ  хуралд танилцуулсан. Энэ асуудлыг шийдтэл 13 дахь сарын цалин урамшууллын асуудлыг  бүх байгууллагуудад хүлээ гэсэн шийдвэрийг өгчихсөн байгаа. Одоо хөрөнгө мөнгөний дутагдалтай энэ асуудлыг шийдэхэд  Засгийн газар туслах байх гэж найдаж байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ МЭХГУУ-н  ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай асуулаа. Урьд нь цалин нэмэх тухай асуудлыг ҮЭ-ийн байгууллагууд тавьдаг байсан бол өнөөдөр энэ асуудлыг хөндлөө. Үнийг нэмэх шаардлага тавихаар нийгэм хүлээж авахгүй ийм байдалтай бид олон жил болсон. Суурь асуудлаа шийдэхгүй, гал унтраах байдлаар цааш явж болохгүй. Чойжилсүрэн сайдын хэлснээр хөрөнгө мөнгөний дутагдалтай асуудлыг шийдэхэд  Засгийн Газар тусалж болно. Гэхдээ энэ арга хэмжээг авснаар үндсэн суурь асуудлаа бид хэзээ ч  шийдэхгүй. Хөрөнгө оруулалт орохгүй, эрчим хүчний хэрэглээ өссөөр байх болно. Энэ асуудлыг хөндөж тавьсан Долгор даргад баярлалаа гэж хариуллаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал. Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын нэгэн хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын нэгний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгон даалгалаа.

Ажлын хэсэг томилж, энэ өдрийн яригдсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэн, эргэн дүгнэж уулзахаа илэрхийллээ.