МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хуулийн газрын дарга М. Саранцацралт, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д. Долгор, уул уурхай хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар Оюу толгой ХХК-д үүсээд байгаа асуудлаар холбогдох талуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч н.Хэнмэдэхбаяр, н.Билгүүдэй, ажилтны төлөөлөл Б.Цогт Эрдэнэ, ил уурхайн оператор Б.Баянмөнх, далд уурхайн ахлах геологич Л.Нямсүрэн нар байлаа. Гол асуудал нь ХНХС-ын А/49 дүгээр тушаал гарсантай холбогдуулан “Дундаж цалин хөлс тооцох журам”-д орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой.
Нэмэлт өөрчлөлтөд “Дундаж цалин хөлс тодорхойлохдоо цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно” гэж оруулсан.
Оюутолгой ХХК энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэхүү ажлын хэсэгт ҮЭ-ийн хорооны даргыг түр орлогч Г.Идэр, Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч болон захиргааны төлөөлөл орсон байна.
Уулзалтаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Үүсээд байгаа энэ асуудлыг анхан шатны ҮЭ-ийн хороо, Салбар холбоотойгоо нягт хамтран ажиллаж шийдвэрлэх ёстой. Оюутолгой ҮЭХороо ч бүтэц зохион байгуулалтаа яаралтай сонгож, захиргаа ажилтны хооронд гүүр болж шуурхай ажиллан хамтын гэрээ хэлэлцээрээр шийдэхийг зөвлөлөө.
Хэрэв хэлэлцээрээр асуудлаа шийдэхгүй бол шаардлагатай дараагийн алхамыг МҮЭХолбоо салбар, анхан шатны ҮЭ хороотой хамтран авах асуудлыг ярина. Оюутолгой бол том төсөл учир аль болох шударга эрх тэгш зөвшилцөлд хүрэхийг хүлээж байна. Сайдын тушаал шийдвэрийг ХНТҮХороогоор дахин ярих болно. 14/14 ростерийг зарим нам, улстөрчдийн ажилчдын нэр барьж ч орох асуудал биш... Захиргаа, нийт ажилчдын санаа бодолтой газар дээр нь очиж танилцана. Ажилчдын эрүүл мэнд ажил амралт зохистой хөдөлмөр эрхлэлтийн зарчмыг барих ёстой” гэв.
Харин Салбарын холбооны дарга Д.Долгор “ ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгч гишүүд, нийт гишүүд дотооддоо асуудлаа эхлээд шийдвэрлэх шаардлагатай тул бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахыг санал болгож, дүрмээр олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд ажиллах боломжтой” гэж тус компанийн төлөөлөгчдөд хэлсэн юм.
14/14 хоногоор ажиллаж байгаа уртын ээлжийн талаар ажилчдаас асуухад "Одоо ажиллаж байгаа энэ горимыг дэмжиж байгаа. Ажил гэр бүлээ тэнцүү авч явахад тохиромжтой. 56 хоногоор ажиллан 14 хоног амрахад уурхайчид ар гэрээсээ урт хугацаагаар хол байна. Ийм үед ар гэрээ сонгох уу, ажлаа сонгох уу гэсэн нөхцөл байдал үүсдэг" гээд ар гэрээ орхигдуулсны улмаас гэр бүл салсан тохиолдлоо ч дурдсан юм. Тиймээс Оюу толгойн ажилчдын төлөөлөл уурхайчдын хүсэж хуульчлуулсан 14 /14 уртын ээлжийг өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.