Б.АЛТАНСҮХ: ХҮНТЭЙ ХАРИЛЦАХАД БЭРХШЭЭЛ ГАРДАГГҮЙ, ХАРИН ТОГТОЛЦООТОЙ АЖИЛЛАХАД ТУЙЛЫН ХҮНД БАЙДАГ...

Ж.Баярхүү

Таны ажлын замналыг сонирхоод үзтэл гурван өөр салбарт хүч сорьжээ. Эрүүл мэндийн болон санхүүгийн салбарт менежерээр цөөнгүй жил ажилласан хүн уул уурхайн салбарт жолоочоор ажиллах шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?

Ерөөсөө л цалин хөлс. Би эхээс тавуул. Биднийг бага байхад аав маань үйлдвэрлэлийн осолд өртөж, биеийн байдлыг нь сайжруулахын тулд бид гэр бүлээрээ хөдөө гарч, мал маллаж эхэлсэн. Аав, ээж хоёр хоёулаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрчим хүчний дэд станцыг хариуцан ажилладаг байсан, эрчим хүчний салбарын хүмүүс. Намайг найман настай байхад аав маань бурхан боллоо. Тэгэхэд миний том ах долоодугаар ангид сурдаг, бага дүү дөрвөн настай байсан. Ээж, том ах хоёр маань ёстой л “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж” биднийг хүн болгосон доо.

Үүнийг яагаад дурсав гэхээр, би тийм ч боломжтой айлын хүүхэд байсангүй, бас биднийг дээш татах танил тал ч байгаагүй. Тийм болохоор өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар аль болох өндөр цалинтай ажил хийхийг л эрмэлзэж ирсэн.

Манайх Бор-Өндөрийн айл л даа. Би 2008 онд сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг, 2013 онд Улаанбаатар хотод Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийг Менежмент, төрийн захиргаа мэргэжлээр төгсөж, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт тус тус хүний нөөцийн менежерээр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь "Номин даатгал" ХХК-ийн Хэнтий салбарын менежерээр ажиллаж байгаад “уул уурхайн цалин өндөр” гэж том ахаасаа дуулаад Бор-Өндөр рүү шилжсэн. Тэнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” ХХК-д 2018-2019 онд хүнд даацын авто машин жолоодохдоо нэг сарын цалин гээд гар дээрээ анх удаа нэг сая гаруй төгрөг авч, их урам орж байлаа. Энэ компанид ажилд ороход том ахын маань нөлөө их байсан. Ах маань энэ уурхайн шавыг тавьсан цагаас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, хүнд машин механизмын оператор хүн л дээ, Б.Алтанхуяг гэдэг юм.

Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн хамт олон

 

Таны төлөвшил, ажил амьдралын замналд том ах тань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бололтой...?

Ах маань бүр миний анхны А үсгийг заасан багш юм шүү дээ. Би зургаан настайдаа ахаараа үсэг заалгаад, долоон настайдаа минутад 50 орчим үг уншдаг болоод сургуульд орсон гэсэн. Ах хоолоо бэлдээд, гурил элдээд сууж байхдаа намайг дэргэдээ суулгаад нэгдүгээр ангийн “Цагаан толгой” уншуулдаг байсан...

Ингээд ахынхаа ач буянаар “Лут чулуу” компанид ажилд орж, яг нэг жил ажиллахдаа зарим өрнөөсөө ч саллаа, бас ил уурхай, хүнд машин механизмын талаар тодорхой ойлголттой ч болж авлаа. Тэгж байтал “"Бор-Өндөр" УБҮ-ийн жолоочийн цалин илүү өндөр” гэж сонсогдоод, дахиад л ажлаа солихоор шийдсэн. Тус үйлдвэрт яваад очтол, дунд сургуульд надтай хамт скаутад явдаг байсан Идэрбаяр гэдэг залуу Авто тээврийн цехийнх нь даргаар ажиллаж байв. Идэрбаяр намайг мэддэг болохоор боловсрол мэдлэгийг маань үнэлсэн байх, “Би чамайг яаж жолооч болгох вэ дээ. Механикч инженерээр авъя” гэсэн. “Би чадах юм уу?!” гэж эргэлзэхэд “Чадна аа” гээд. Тэгээд хоёулаа өргөдлөө цохуулаад Захиргааны хэлтсийн дарга дээр ортол “Юун жолооч болно гэж? Манай хэлтэст хэрэгтэй хүн байна” гээд УБҮ-ийн захирлын туслахаар түр ээлж амраагчаар ажилд авсан. Дараа нь хүний нөөцийн мэргэжилтэн боллоо. Түүнээс хойш Дулааны станцын ус дулааны шугам хоолой сантехникийн мастер, Үйлдвэр техникийн хэлтсийн техникийн бүтээмж ашиглалтын инженер, хангамжийн мэргэжилтэн, Ус дулаан түгээх хэсгийн дарга гэх мэт ажил, албан тушаалыг ажил олгогчийн томилсны дагуу хоёргүй сэтгэлээр хийж ирсэн дээ. Ингээд 2023 оны тавдугаар сард "Бор-Өндөр" УБҮ-т ажиллагсдын ҮЭ-ийн хорооны даргын ээлжит бус сонгуулиар орон тооны даргаар сонгогдоод ажиллаж байна.

Том ах Б.Алтанхуягийн хамт.

 

Энэ хооронд та жолоочоор ажиллах хүсэлтээ захиргаандаа өгсөөр л байсан гэсэн. Тэр бас их сонин...? 

Би хүнд даацын авто машины жолооч болж чадаагүйдээ харамсаж байсан. Яагаад гэвэл, миний энэ хугацаанд хийсэн бүх ажлын үнэлэмж тэр ажлын цалинд хүрэхгүй. Тиймээс би УБҮ-т эдгээр ажлыг хийж байхдаа анхны өргөдлөөсөө гадна ахиад гурван ч удаа “Хүнд даацын авто машины жолоочоор ажиллах хүсэлтийг минь хүлээн авна уу” гэж өргөдөл өгөхөд хамгийн сүүлийнхэд нь хоёр сарын хугацаатай дагалдан суралцагчаар ажиллахыг зөвшөөрч байлаа. Гэхдээ тухайн үед ус дулааны шугам хоолой сантехникийн мастерын ажил маань сонирхол татаж, их зүйл сурч авч байсан болохоор тэр ажлаа үргэлжлүүлэн хийхээр шийдсэн юм. Миний хувьд энэ бүхэн амьдралын чанараа дээшлүүлэх, хүртээмжтэй цалин хөлс авахын төлөө л байсан. Харин албан тушаалын араас нэг ч удаа явж үзээгүй ээ.

Гэхдээ та одоо компанийнхаа ҮЭ-ийн хорооны даргын албыг хашиж байна...?

Магадгүй, аавын маань осолд орсон нөхцөл байдал, дурсамж надад хөдөлмөрийн хүний төлөөх энэ үйлсэд хүчин зүтгэх сэжүүр өгсөн ч байж мэднэ. Бас би хүүхэд байхдаа хүүхдийн байгууллагуудад нийгмийн идэвхтэй байлаа. Хэнтий аймагт эрүүл мэндийн салбарт ажиллаж байхдаа Чингис хотын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн байлаа. ЮНЕСКО ОУБ-ын Бээжин дэх салбарын дэмжлэгтэй "Хариуцлагатай манлайлал" хөтөлбөрийн Хэнтий аймаг хариуцсан сургагч, уг хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Хэнтий манлайлагч залуус" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байлаа. Энэ бүх иргэний нийгмийн байгууллагын ажлууд ч бас намайг ҮЭ-ийн хорооны даргын сонгуульд өрсөлдөхөд түлхэц болсон байх. Цаашид, насан туршдаа ҮЭ-ийн сонгуультан байх уу гэдэг бол мэдээж эргэлзээтэй. Харин энэ ажил, албан тушаал надад “Хууль, дүрэм журам, стандарт мөрдөгдөх ёстой!” гэдэг ойлголтыг насан туршид минь шингээж өгсөн үү гэвэл би “Тийм” гэж хэлнэ.

 

Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны скаутууд цуглардаг Олон улсын скаутын III Жембори чуулга уулзалт. Хэнтий аймгийн скаутууд. 2006 он. 

"Хэнтий манлайлагч залуус" ТББ-ын тэргүүн байхдаа Төв аймагт их хэмжээний түймэр гарсантай холбогдуулан "Эх орон шатаж байна" хандивын аян өрнүүлж, хандиваар цуглуулсан тусламжийн бараа, бэлэн мөнгийг ОБЕГ-ын даргад хүлээлгэн өгөв.

 

Компанийн ажилтнууд яагаад таныг ҮЭ-ийн хорооны даргаараа сонгосон гэж боддог вэ?

Яагаад сонгосныг нь өнөөдрийг хүртэл бодсоор л явна. ҮЭ-ийн хорооны дарга болсноосоо хойш гишүүддээ “Ажил олгогчийн суганы үс” гэж хэлүүлэн барин тэдний төлөө зүтгэж л явна. Мэдээж бүх гишүүд маань тийм биш л дээ, цөөн хэдхэн хүний л яриа байх. “Ажил олгогчоос байр хувьчилж авсан”, “Ажил олгогчийн тал ҮЭ-ийг хянахын тулд Алтансүхийг ҮЭ-д тавьсан” гэх мэтээр гүтгэхийг олон удаа сонсоод энэ ажлыг сонгосондоо эргэлзэхэд хүртэл хүрч байлаа. Гэхдээ энэ бүхнийг хов жив гэдэг өнцгөөс харж “Хов живээр л ажил явуулж болохгүй шүү!” гэсэн нэгэн ахмад гишүүнийхээ үгийг дагасан. ҮЭ-ийн хорооны даргадаа байр өгчихдөг тийм “хоншоортой” ажил олгогч байдаг бол сайхан л байна /инээв/. Гэхдээ хүн хүний үзэл бодол, итгэл үнэмшил өөр болохоор ҮЭ-ийн ажлыг дэмждэг, хамт байдаг хэдэн зуун гишүүдийнхээ дэмжлэг, урам зоригоор хэзээ ч шантарч үзээгүй ээ.

Эх үрсийн баяраар ҮЭ-ийн гишүүдийнхээ төгсөх ангийн сурагч хүүхдүүдийг уул уурхайтай танилцуулав. 2024.6.1.

 

ҮЭ-ийн хорооны даргын сонгуульд өрсөлдөхөд танд мэдээж зорилго, амлалт байсан байх. Зорилгодоо эхнээс нь хүрч чадаж байгаа юу?

Хамгийн гол нь, хөдөлмөрийн эрх зүйн талаарх ажилтнуудын мэдлэг, ойлголт сул учраас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөд байгааг би өмнө нь анзаарсан юм. Тиймээс, нэр дэвшихдээ юун түрүүнд үүнд анхаарч ажиллахаа амласан. Харин ажлаа хүлээж аваад ҮЭ-ийн байгууллага өөрөө чадамжтай, залгамж халаатай, манлайлалтай байх ёстой гэдэгт анхаарсан. Энэ хүрээнд хоёр ажил санаачлан хийсэн.

Нэгт, манай ҮЭ-ийн хороо Хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар мэргэшсэн хуульчтай гэрээ хийж, гишүүддээ хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Ингэснээр бид ажил олгогчтой Хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд илүү эрүүл, албан ёсны харилцаанд орж эхэлсэн гэж болно. Цаашид хууль дүрмийн дагуу асуудлаа дэвшүүлдэг, холбогдох шатанд шийдвэрлүүлдэг хэвшлийг бий болгохоор зорьж байна. 2024 онд л гэхэд бид нийт таван ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан асуудлаар ХЭМТК-т маргаан үүсгэж, гурван ажилтныхаа эрхийг тус комиссын шийдвэрээр хангасан бол хоёр ажилтныхаа эрхийг анхан шатны шүүхийн шатанд хангаж тушаалыг хүчингүй болгож цалингийн суутгалыг буцаан олгуулсан.

Хоёрт, "Хариуцлагатай манлайлал" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрт шалгарсан 20 гишүүнээ манлайллын сургалтад хамруулж, ДЦС-3 ТӨХК дээр туршлага судлуулсан. Оролцсон гишүүд маань "Үйлдвэрчний эвлэл ба эвлэлдэн нэгдэх эрх чөлөө", "Хөдөлмөрлөх эрх, эрхийн харилцаа", "Хариуцлагатай уул уурхай", "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдвийн хүрээнд дөрвөн багт хуваагдан, ҮЭ-ийн хорооны тодорхой санхүүжилтээр сайн дурын ажил хийж байгаа. Тухайлбал, “Хариуцлагатай манлайлал” хөтөлбөрийн гишүүд нийт ажилтнуудаас "Хөдөлмөрийн эрх зүйн мэдлэг тогтоох судалгаа"-г цахимаар авч,  судалгааны үр дүнд тулгуурлан цахим сургалт, шторкуудыг явуулсан. "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдвийг сугалсан баг ХАБЭА-н дүрэм журмаар сонсдог хичээл бэлтгэж байна. Бэлэн болохоор нь ажилтнуудын автобусанд сонсгох юм. Бусад багууд ДЦС-3 дээр судалсан туршлагадаа үндэслээд 150 буюу түүнээс дээш хүнтэй объектуудад цэвэр усны шүүлтүүр суурилуулах ажлыг санаачлаад байна. Удахгүй ажил хэрэг болгоно гэдэгт итгэж байна.

Уул уурхайн салбарт хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь мэргэжлээс шалтгаалах өвчлөл (МШӨ). Ид хийж бүтээх 30 гаруйхан насандаа залуучууд МШӨ-өөр хувь тогтоолгож байгаа нь үнэхээр харамсалтай. Манай ҮЭ-ийн хорооноос санаачлан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, сар бүр МШӨ-ийн эрсдэлтэй дөрвөн ажилтныг тус эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлдэг. Цаашдаа сувиллын байгууллагатай хамтран ажиллахаар судалж байна.

"Хариуцлагатай манлайлал" хөтөлбөр хэрэгжүүлэв.

 

ҮЭ нь хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалдаг ганц байгууллага атал манай олонх иргэд ҮЭ-ийн ажлыг мэддэггүй, хангалттай үнэлдэггүй мэт санагддаг. ҮЭ-ийн залуу сонгуультан хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Наадах чинь яг надад хүртэл тохиолдсон жишээ /инээв/. Намайг анх ҮЭ-ийн хорооны дарга болоход хуучин ажлын хүрээнд хамтран ажилладаг байсан, Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлж буй томоохон ХК-ийн дэд захирал "Өө Алтансүх, тэтгэврийн хүний хийдэг ажилд орчихоо юу?" гэж тоглоом хийж байсан гэдэг. Монголчууд ҮЭ-ийг ингэж л харж байна. Гэхдээ энэ жишээнээс их олон зүйл анзаарагдсан. Нэгт, манай улсын хэмжээнд нийтээрээ ҮЭ-ийн ажлыг тэтгэврийн хүний ажил мэтээр ойлгож иржээ. Энэ ойлголт сүүлийн үед өөрчлөгдөж байгаа ч бүрмөсөн алга болоогүй байна. Хоёрт, ажил олгогчид ҮЭ-ийн байгууллагыг ямар түвшинд авч үздэгийг эндээс харж болно. Гуравт, тэтгэврийн хүнээр зүйрлэж ёгтолж байгаа нь Монгол Улсад ахмад настны хөдөлмөрийг үнэлдэггүйг харуулж байна.

Цагаан сараар ҮЭ-ийн ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэв. 2024 он.

 

ҮЭ цаашид хэрхэн ажиллавал энэ ойлголт өөрчлөгдөх бол?

Хүмүүсийг ингэж бодоход хүртэл нь Монголын ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаа, бүтэц хоцрогджээ гэж бодсон шүү. Жишээ нь, МҮЭ-ийн холбоо доороо 21 аймгийн ҮЭ-ийн холбоодтой, үүний сацуу мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбарын ҮЭ-ийн холбоодтой. Аймгуудын ҮЭ-ийн холбоо аймгийнхаа Засаг даргатай хамтын хэлэлцээрт ордог юм уу, яадаг юм, надад бол ойлгомжгүй санагддаг. Мэргэжил үйлдвэрлэлийн холбоод л салбарын яамтайгаа хамтын хэлэлцээрийн түвшинд хөдөлмөрчдийн эрхийг илүү хангаж ажилладаг гэж боддог. Тийм учраас бүс нутгийн болоод салбарын ҮЭ-ийн холбоо өнөөдрийн зохион байгуулалтаараа цаашид зэрэгцэн орших шаардлагатай юу, үгүй юу, олон улсын ҮЭ-ийн байгууллагууд өнөөдөр ямар зохион байгуулалтаар хөгжиж байна вэ гэдгийг бид анхаарах цаг иржээ.

Миний хувьд 2024 оны тавдугаар сараас эхлэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчийн сонгуульт үүрэг аван ажиллаж байна. Өнгөрсөн зун би тус холбоотой хамтран ажилладаг IndustriAll Global Union олон улсын ҮЭ-ийн байгууллагын сургалтад оролцохдоо Зүүн өмнөд Азийн орнууд салбарын зохион байгуулалтаар нэгдэж, илүү амжилттай, хүчтэй, эв нэгдэлтэй ажилладгийг анзаарсан. Гэтэл манайд, анхан шатны хороод аймгийн холбоондоо гишүүнчлэлтэй байх уу, мэргэжлийн салбар холбоондоо гишүүнчлэлтэй байх уу гэдэг маргаан, эргэлзээ их гардаг. Үүнээс эхлээд л ҮЭ-ийн эв нэгдэл хангагдахад асуудал үүсээд байгаа юм.

Олон Улсын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union)-ны Зүүн өмнөд Азийг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Рамон Кертеза “Аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдвээр сургалт явуулав. 2024.08.21.

 

Танд энэ ажлаасаа шантрах үе тохиож байсан уу?

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хамтын гэрээгээ шинэ шатанд гаргахын төлөө улайрч, түмэн бодол эргэлдсээр шантрах зав ч гараагүй дээ. Бид амжилттай Хамтын гэрээ байгуулж, нийт 61 шинэ заалт оруулж, 17 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж чадсан. Тухайлбал, өмнө нь хасуулсан байсан ээлжийн амралтын нэмэгдлийг олгуулах, мөн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр төрсөн эхчүүдэд хүүхдээ 1 нас хүртэл нь үйлдвэрээс сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох заалтыг хүртэл оруулсан.

ҮЭ-ийн ажлын бахархалтай сайхан нь үүнд л байдаг байх. Тэгвэл, бэрхшээл нь юунд байдаг вэ?

Тийм шүү. Бидний үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаас 1000 гаруй гишүүд маань гэр бүлийн хамт үр шимийг нь хүртэж яваа гэж бодохоор бахархах сэтгэл төрж, урам зориг ордог. Энэ ажлаа би шударга үнэний төлөөх гэгээн мөртэй үйлс гэж боддог шүү.

Мэдээж бас ҮЭ-д тулгардаг бэрхшээл тоочоод баршгүй их. Хамгийн хэцүү нь гэвэл, гишүүд маань эв нэгдлээ хангаж, ҮЭ-ийн байгууллагынхаа ажлыг дэмжихгүй байх явдал. Ийм нөхцөл байдалд аливаа шинэ санаачилга, үйл ажиллагаа зогсонги байдалд ороход хүрдэг. Зарим хүн “ҮЭ-ийн хорооны даргыг бид сонгосон. Тиймээс бидний эрх ашгийг хамгаалахын төлөө морь, нохой мэт зүтгэх ёстой” гэсэн хандлагатай байдаг. Гэтэл ҮЭ бол хамтран эрхээ хамгаалахаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл, үйл ажиллагаа нь олонхын засаглалд тулгуурлаж урагшилдаг сайн дурын байгууллага шүү дээ. ҮЭ-ийн гол хүч чадал нь эв нэгдэлдээ байдаг. Бүх гишүүдээрээ, ажлын албаараа, тэргүүлэгчдээрээ, нийтээрээ нэг цонхоор харж, олуулаа нэгдэж тэмцвэл илүү хүчтэй гэдгийг бид бүгдээрээ ойлгох хэрэгтэй байна даа.

Та энэ ажлаа сэтгэл дүүрэн хийж чадаж байгаа юу?

Миний хувьд, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэв алдаа дутагдал гаргасан гэвэл тэр нь, нийт гишүүдээ эв нэгдэлтэй байлгах тал дээр хүссэн үр дүндээ хүрч чадаагүй минь л байх. Үүндээ сэтгэл жаахан дундуур явдаг. Тиймээс, цаашид ч гэсэн эв нэгдлийг хангахын төлөө л тууштай ажиллана гэж боддог.

Албан байгууллагынхаа захиргаатай ойлголцож, хамтарч ажиллахад танд бэрхшээл тулгардаг уу?

Хүнтэй харилцахад бол бэрхшээл гардаггүй. Харин тогтолцоотой ажиллахад туйлын хүнд байдаг. Юу гэхээр, манай УБҮ нь МРЦМ ТӨҮГ-т харьяалагддаг. Ажил олгогчийг УБҮ-ийн захирал төлөөлдөг. Гэтэл үйлдвэрийн худалдан авалт, цалин хөлс гээд мөнгө санхүүтэй холбоотой бүх шийдвэрийг ТӨҮГ-ын захирал гаргадаг. ТӨҮГ-ын дээр “Эрдэнэс Монгол” гэж байна. Магадгүй үүний дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, цаашлаад Засгийн газар гээд шат дараатай явах байх.

Бид ажил олгогчтойгоо харилцаад байдаг, гэтэл ажил олгогч маань асуудал шийдэх хэмжээний эрх мэдэлгүй байна гэдэг л хамгийн том бэрхшээл. Ажил олгогч бидний хүсэлтийг шийдвэрлэхийн тулд дээд шатны байгууллага руугаа хандана, бид өөрсдөө ч гэсэн дахин дээшээ шат дараатай харилцана. Энэ хугацаанд асуудал удаашрах, шийдвэрлэгдэхгүй байх, бүр хаягдах зэрэг бэрхшээлүүд үүсдэг.

ҮЭ-д шинэ залуу боловсон хүчин түрэн орж ирвэл тогтолцоог өөрчлөх боломжтой гэж та боддог уу?

Одоо байгаа ҮЭ-ийн чадамж, тогтолцоог өөрчлөх гол зүйл нь зөв зохион байгуулалт, чадварлаг боловсон хүчин, эв нэгдэл, насны бүлгүүдийн болон хүйсийн тэгш оролцоо, сонгуультнуудын нийгмийн баталгааг хангах гэж боддог. Түүнээс биш, ҮЭ-д залуучууд, ахмадууд, эсвэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд байгаа нь чухал биш. Энэ бүх нас, хүйсийн төлөөлөл хөдөлмөрчид нэгдэж, дуу хоолойгоо хамтран илэрхийлж байж л амжилтад хүрнэ гэдгийг олж хараад байна даа.

Дугуй унах нь миний хобби.