INDUSTRIALL GLOBAL UNION-НЫ УРИЛГААР МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА Д.ДОЛГОР ФИЛИППИН УЛСАД ХҮРЭЛЦЭН ОЧИЖ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ШУДАРГА ШИЛЖИЛТИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТАЛААР ИЛТГЭЛ ТАВИВ

Зөвлөгөөнд Монгол, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Тайвань, Вьетнам, Япон гэсэн найман улсын эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн 20 гаруй төлөөлөгч оролцов.

IndustriALL Global Union-ны урилгаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор Монгол Улсын эрчим хүчний салбарт Шударга шилжилтийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ салбарын холбооноос эрчим хүчний шилжилтийг шударга болгоход чиглэсэн гурван онцлог заалтыг Хамтын хэлэлцээрт тусган ажиллаж буй талаар дурдсан юм.

Үүнд:

- Бүтцийн өөрчлөлтөөр ямарваа нэг ажлын байр байхгүй болох тохиолдолд тухайн байгууллага 30-аас доошгүй хоногийн өмнө үйлдвэрчний эвлэлдээ болон ажилтнуудад, мөн дүүргийнхээ Хөдөлмөр зохицуулалтын албанд мэдэгдэл хүргүүлж, Хамтын хэлэлцээрийн дагуу нөхөн олговрыг олгох

- Аливаа байгууллагын бүтцийг шинэчлэн зохион байгуулахдаа тухайн байгууллагад ажиллаж ирсэн ахмад ажилтан, мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй хүмүүсийн нийгмийн асуудлыг давхар хариуцах

- Тухайн байгууллагад ирээдүйд ямар шинэчлэлт хийгдэх, шинэ технологи нэвтэрснээр ямар ажлын байрууд шинээр бий болж ямар нь байхгүй болох талаар тодорхой танилцуулж, шинэ технологитой хөл нийлүүлэн ажиллах хүмүүсийг бэлтгэх.