Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүйн улмаас Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж, улмаар жагсаал цуглаан зохион байгуулах, Засгийн газар, Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлэх зэргээр хууль тогтоомжийн дагуу үе шаттай арга хэмжээнүүдийг авч ажилласан ч яам, ажил олгогч талаас тодорхой санал бүхий хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Бага хурлын хооронд ҮЭ-ийн холбоог удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх хорооны IV хуралдааныг зарлан хуралдууллаа.
Гүйцэтгэх хорооны гишүүд 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, хуралдааныг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж удирдаж, гишүүдийн саналаар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Э.Өлзиймандах, “Оюу толгой” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Оюунтунгалаг нар хурлын тэргүүлэгчээр ажиллав.
Хуралдаанд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, хөдөлмөрийн хуульч М.Саранцацрал нар оролцож, ажил хаялт зохион байгуулахтай холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ерөнхийлөгч Э.Тамир “Хэрвээ эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялт зохион байгуулахад хүрвэл МҮЭ-ийн холбооноос бүх талаар дэмжин ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний салбарын хэмжээнд Ажил хаялт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүднээс гишүүн байгууллагуудад явагдсан санал хураалтын баримт бичгийн бүрдэл, хууль зүйн нийцлийг хангуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

