
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлсэн нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.
Тус Хамтын хэлэлцээрийн 3.2-т “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо /ХНТГТҮХ/-ноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Хэрэв 2026 онд улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд талууд хэлэлцээ хийж, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгож нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Хамтын хэлэлцээрийн 3.2-т заасанчлан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай албан бичгийг МУУҮА-д 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн хариуг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу бүтэн хоёр сарын дараа ирүүлэхдээ санхүүгийн болон зах зээлийн нөхцөл байдлыг шалтгаан болгон дурдаж Хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахыг хойшлуулсан нь Хамтын хэлэлцээрийн үүргээ зөрчсөн үйлдэл боллоо.
Иймд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос МУУҮА-ийн дэд захирал П.Оюунбилэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээр"-ийн 3.2 дахь заалтыг үндэслэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгох нэмэлт өөрчлөлтийг баталж, бүртгүүлэн, мөрдүүлэх шаардлагыг хүргүүллээ.

