Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын гурван талт хэлэлцээр байгууллаа

Эрчим хүч, геологи, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн байгууллага хооронд байгуулах “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын 3 талт хэлэлцээрийг өнөөдөр /2021.05.24/ байгууллаа. Хэлэлцээрт төрийг төлөөлж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, салбарын ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал, Эрчим хүчний ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж нар гарын үсэг зурж баталгаажууллаа.  

Энэ удаагийн хэлэлцээрээр Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангаж ажиллах зэрэг асуудал дээр талууд санал нэгдсэн юм.

Талууд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны стандарт болон нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн жилийн салбарын хэлэлцээрийн биелэлт 95.2 хувьтай дүгнэгдсэн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын улмаас сургалт явуулах, олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулах ажлууд тасалдсан юм.