МҮЭ-ийн холбоо  “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт-2024” үндэсний чуулганыг зохион байгууллаа

МҮЭ-ийн холбоо жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд  “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт-2024” үндэсний чуулганыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо болон анхан шатны ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүд, залуучуудын хорооны гишүүд зэрэг 308 эмэгтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг, Жендэрийн үндэсний хороо, ХЭҮК зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөлөл хорин бүсгүй уг чуулганд оролцон өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.ТЭЦ-З ТӨХК-ийн  ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхсаран МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн алдар” шагналын эзэн боллоо.  “Эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байр хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нийгмийн бусад хүчин зүйлс “ хэлэлцүүлэгт” МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор панелистээр оролцон тулгамдаж байгаа асуудал болоод эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байрыг бий болгосон салбарын сайн туршлагаас хуваалцлаа. Салбараа төлөөлөн оролцож буй бүсгүйчүүдийн төлөөлөл ЦДҮС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны гишүүн Ч.Мандхай

- Ээлжийн ажилтай эмэгтэйчүүдийн ажлын цагийг 24/72 болгон тэдэнд ээлтэй байдлаар зохицуулбал гэр бүлдээ цаг гаргах боломжтой болохыг дурдаж байлаа. Мөн эрчим хүчний салбарын ажил, Онцгой байдлын албан хаагчтай адил эрсдэлтэй нөхцөлд ажилладаг тул тэдэнтэй адилаар тэтгэвэр тогтоолгох саналыг чуулганы зөвлөмжид оруулж өгөхийг хүслээ.

Болд төмөр ерөө гол ХХК ҮЭ-ийн хорооны дарга Урандэлгэр

- Уул уурхайд ажиллаж байгаа эмэгтэйчүүд 14, 21 хоногоор ээлжид ажилладаг.Энэ хугацаанд тэд ар гэр үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнин байдаг. Тэднийг ажлаа хийхэд дэм болохуйц нөхцөл байдлыг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг мөн дурдав.

Бүсгүйчүүд бидний өдөр тутамдаа хийдэг эзэгтэйн ажлыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Асрахуйн эдийн засаг гэх шинэхэн ойлголт энэ чуулганы гол сэдвийн нэг нь. Цар хүрээг нь авч үзвэл дэлхийн нийт ХАА-н салбараас хоёр дахин том. Асрахуйн эдийн засгийг бие даасан салбар гэж авч үзвэл дэлхийн гуравдах том эдийн засаг гэж эрэмбэлэгдэх ажээ. Асран халамжлах цалин хөлсгүй энэ ажлын эдийн засгийн ач холбогдлыг дэлхийн улс орнууд ийнхүү хүлээн зөвшөөрч, анхаарлынхаа төвд авч байна.  Ажиллах хүчний хомстолд ороод байгаа энэ үед хүүхдээ харангаа  ажлаа хийх нөхцөл бүрдүүлэх нь чухал. Зайнаас ажиллах, ажлын цагийг богино болгох, ажиллах боломжтой цаг хугацаагаа хамтдаа тохирох гэх мэтээр уян хатан байдлаар зохицуулалтыг хийж эхэлжээ. Исланд улсад хүүхдээ харж буй эцэг эхэд цалингийн 80 хувийг тэтгэмжийг хоёр жил олгодог. Швед улсад  мөн 80 хувийг 18 сараар олгодог байна.  Ээж аав гэр бүлийн хэн нэгэн нь өвдлөө гэхэд арван хоногийн цалинтай  чөлөө олгохыг хуульчилсан гээд нийгэм гэр бүл рүү чиглэсэн ээлтэй бодлого хэрэгжүүлдэг байна.

Чуулганаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөвлөмж”-ийг батлан гаргах юм.