“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” удахгүй шинэчлэгдэнэ

2024 оны 03 дугаар сарын 07-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хуралдлаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар хуралдааныг даргалж ХНХС-ын 2023 оны А/221 дүгээр тушаал “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах санал, судалгаатай танилцсан юм.

Энэ жагсаалтад манай салбарын 33 ажлын байрыг нөхцөл өөрчлүүлэхээр, есөн ажлын байрыг нэмэлтээр оруулахаар санал оруулж, тухайн ажлын байруудад хийсэн судалгааг ХНХЯ-д хүргүүлсэн билээ. Эдгээр ажлын байруудаас товч дурдвал зуухан цехийн тоосны ситемийн машинч, турбин цехийн турбины машинч, турбин цехийн тохируулга тосолгооны, арматур засварын, машинт тоноглолын мастер, цахилгаан ба хийн гагнуурчин зэрэг ажлын байрыг хүндээс халуун нөхцөлд, химийн цехийн лаборант, химийн ус цэвэрлэгээний машинч зэрэг ажлын байрыг хүндээс хортой нөхцөлд шилжүүлэх санал орууллаа. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо эдгээр ажлын байрны судалгаанаас гадна дээрх нөхцөлд ажиллаж байгаа тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгааг ч мөн хийж ХАБЭМ-ийн төвд хүргүүлж, уг хуралдаанаар саналуудыг нэгтгэн танилцууллаа.  

ХНХС-ын 2023 оны А/221 дүгээр тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Үндэсний хорооны гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж, ХНХ-ийн сайдад уламжлахаар тогтлоо. ХАБЭА-н Үндэсний хорооны саналыг үндэслэн уг журмыг энэ сардаа багтаан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд батлах юм.

Мөн хуралдаанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтын төвүүдийн бүртгэлийн гэрчилгээ шинээр авах, төрөл нэмүүлэх хүсэлт гаргасан 17 байгууллагын баримт бичигтэй танилцан хэлэлцэж, шийдвэрлэлээ.