ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАЖ, УУРХАЙН ТАЛБАЙД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МҮЭ-ны холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, салбарын ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор нар 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Оюу толгой” ХХК-ийн удирдлагын баг буюу санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, үйлдвэр эрхэлсэн захирал Хэнри, хүний нөөцийн газрын удирдлагууд, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох “Оюу толгой” ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Идэр, тэргүүлэгчид болон ҮЭ-ийн гишүүдийн төлөөлөлтэй уурхайн талбайд уулзаж, хамтын гэрээ, цалин хөлс нийгмийн хамгааллын дүрэм журмын талаар санал солилцов.

Мөн, анхан шатны ҮЭ-ийн хорооны тайлан сонгуулийн хурлыг МҮЭ-ийн болон салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу зохион байгуулах, ҮЭ-ийн хорооны тайлан сонгуулийн хурлыг зохион байгуулахад “Оюу толгой” ХХК-ийн удирдлагын зүгээс шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хамтран ажиллах, ҮЭ-ийн үйл ажиллагааг эв нэгдлийг эрхэмлэн дүрэм журмын дагуу зохион байгуулах талаар ярилцаж, талуудын байр суурь нэгдлээ.

Түүнчлэн, уртын ээлжтэй холбоотой ажилтнуудын нэмэгдэл хөлсийг тооцох арга аргачлал, үүсээд байгаа нөхцөл байдал, талуудын байр суурьтай танилцаж, цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахын тулд үнэн зөв тоон мэдээлэл, зарим судалгааг ч хуваалцах шаардлагатай байгаа талаар МҮЭ-ийн холбооны дарга С.Эрдэнэбат хэлж, ҮЭ-ийн эв нэгдлийг сахиулах, ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ҮЭ-ийн хорооны сонгуультнууд, гишүүдийн харилцан ойлголцол хамгаас чухлыг онцолж, тус ҮЭ-ийн хорооны тайлан сонгуулийн хуралд салбарын ҮЭ-ийн холбоо мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг дэмжив.

Ийнхүү МҮЭ-ийн холбоо, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлагууд Оюутолгой төслийн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалттай, мөн зарим ажлын байр, уурхайчдын амралтын байр, ажилтнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлтэй танилцлаа.