“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН АЖИЛТНУУД ҮЭ-ИЙН ХОРООГОО ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ

 

Ж.Баярхүү

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулах зорилго тавин ажилладаг “Тавантолгой түлш” ХХК нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван үйлдвэртэй. Тус компанийн ажилтнууд хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлэхгүй байх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын төлөө эвлэлдэн нэгдэж, 2019 онд анх Баруун үйлдвэр дээр ҮЭ-ийн хороогоо байгуулж, Баруун үйлдвэрийн инженер З.Цэрэндоржийг даргаар сонгосон байдаг.

Гэвч, өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ажилчид, гишүүдээс МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд хандан “Манай компанийн ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг жигдрүүлж өгнө үү”, “ҮЭ-ийн хороо гишүүдийнхээ төлөө хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгнө үү” гэх мэт хүсэлтүүд удаа дараа ирж байлаа. Тухайлбал, тус компанийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүн Ж.Зориг 2023 оны наймдугаар сард “Компанийн ҮЭ-ийн хороо ажиллахгүй байна, үүнийг шийдэж өгнө үү” гэсэн агуулга бүхий 10 гаруй хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн юм. Салбарын ҮЭ-ийн холбооноос уг өргөдөлд үндэслэн судалж үзэхэд, “Тавантолгой түлш” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны гэрчилгээ, тамга тэмдэг нь хүчинтэй, харин 8 улирал дараалан татварын тайлан гаргаагүй байв. Хэрэв байгууллага 8 ба түүнээс дээш улирал татварын тайлан гаргаагүй бол энэ нь татан буугдах нэг үндэслэл болдог. Иймд холбооны зүгээс Ж.Зориг гишүүнд хандан “Танай байгууллага хүчинтэй хэвээр байна. Хүчинтэй байгаа хугацаанд нь энэ асуудлаа шийдсэн нь дээр” гэдэг хариу өгсөн.

 

2024 оны нэгдүгээр сард салбарын холбооны дарга Д.Долгор МАК-ийн блокийн үйлдвэрт ажлаар очихдоо “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрээр ороход дарга нь эзгүй байж таарсан учир захиргааны хүмүүстэй нь уулзаж нөхцөл байдлыг тодруулсан юм. “ҮЭ-ийн гишүүд З.Цэрэндорж даргатай холбоотой гомдол санал ирүүлээд байна. Энэ хүн ажлаа хийж байна уу? Танайх Хамтын гэрээ байгуулсан бол Хамтын гэрээг тань үзье” гэхэд “З.Цэрэндорж дарга 2023 оны намар Хамтын гэрээ байгууллаа гээд зураг хөрөг тавиад байсан. Тэгээд гэрээгээ бүртгүүлээд ирье гээд л чимээгүй болсон. Манайд гэрээний бүртгэл байхгүй байна. Та бүхэн энэ хүнийг олж өгөх боломжтой юу? Дуртай үедээ ирээд, цалин аваад, албан тушаал нэхээд явдаг. ҮЭ ингэж ажилладаг юм уу? Яаж ажилладаг вэ?” гэсэн. Мөн 2024 оны гуравдугаар сард Зүүн, Баруун үйлдвэрээс нэг нэг төлөөлөгч МҮЭ-ийн холбоонд хандан хуулийн зөвлөгөө авсан бөгөөд тавдугаар сард Зүүн үйлдвэрийн Барилга, сангийн инженер А.Цэрэндорж салбарын холбоонд хандан хүсэлт тавьсанаар холбооны зүгээс тавдугаар сарын 20-нд Зүүн үйлдвэрт дахин очиж, нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл өгсөн юм.  

2024 оны зургаадугаар сарын 4-нд “Тавантолгой түлш” ХХК-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны Ажлын хэсэг хуралдаж ҮЭ-ийн хороогоо шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуралд компанийн Зүүн, Баруун, Төвийн үйлдвэрийн дарга нар болон Зүүн үйлдвэрийн I, II, III цехийн дарга нар, Төвийн болон Баруун үйлдвэрийн инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцжээ. Мөн урилгаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, МҮЭ-ийн холбооны Гишүүнчлэл, зохион байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар оролцож ҮЭ-ийн хороо хэрхэн ажилладаг, ҮЭ-ийн гишүүн байхын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Тус хурлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн ҮЭ-ийн хороог шинэчлэн байгуулах хурлыг 2024 оны зургаадугаар сарын 07-ны өдөр Зүүн үйлдвэрт зохион байгуулж гурван үйлдвэрийн бүх ажилчдыг хамруулахаар шийдвэрлэсэн нь чухал алхам болсон юм. Ингээд, хуралд оролцогсдын санаа бодол, байр сууриас онцлон хүргэе.

Төвийн үйлдвэрийн ашиглалтын мастер н.Ренчин: Би өмнөх ҮЭ-ийн хорооны анхдагч гишүүдийн нэг. Бид өмнө нь нэг ч удаа ингэж хуралдаж байгаагүй. ҮЭ-ийн байгууллагад элсэх нь ямар давуу талтай болохыг манай ажилтнууд яг үнэндээ мэддэггүй. Иймд бид одоо ҮЭ-ийн хороогоо шинэчлэн байгуулж, ҮЭ-ийн гишүүн болохын давуу талыг хүмүүстээ танилцуулж, үүний дараа Бүх гишүүдийн хурлаа зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж бодож байна”

Зүүн үйлдвэрийн дарга Г.Баттөмөр: Би энэ үйлдвэрийн даргаар 1 жил 3 сар ажиллаж байна. Энэ хугацаанд ҮЭ-ийн хорооноос гээд нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Ажилтнууд ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчдээ танихгүй, гол цөм нь ажиллаж байгаа Зүүн үйлдвэрт ҮЭ-ийн хорооны төлөөлөл нэг ч байхгүй. Ажилтан нь ажилладаггүй, тайлангаа тавьдаггүй, Хамтын гэрээ байгуулдаг эсэх нь мэдэгддэггүй, ийм байдалтай байгаа учраас манай ажилтнууд хурал уулзалт хийе, ҮЭ-ийн хороотой больё гэдэг хүсэлт тавьсан. Компанийн гурван үйлдвэрийн дарга энэ санал санаачилгыг зөв зүйтэй гэж үзэж, эвлэлдэн нэгдэж байгаа. Бидний зүгээс Бүх гишүүдийн хурал зохион байгуулах орчин нөхцөлд, үйлдвэрийн ажилтнууд нааш цаашаа ирж очих учраас аюулгүй байдалд анхаарч ажиллахад бэлэн байна. Салбарын холбоо манай ажилтнуудад үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахад бэлэн байна. Гурван үйлдвэрийн ажилтнууд нийлээд ҮЭ-ийн хороогоо байгуулахад компанийн хэмжээнд нэг Хамтын гэрээ байгуулаад явчихна. ҮЭ-ийн хороо нь компаниас биш гишүүдийнхээ татвараар цалинжиж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Иймд та бүхэн гурван үйлдвэрийн дарга гурвуулаа энд байгаа дээр Бүх гишүүдийн хуралдах өдрийг товлоод, одоо байгаа ҮЭ-ийн хорооныхоо хүмүүст хэлээд, тайлан тавих хугацаа олгоод, зохион байгуулалтын арга хэмжээгээ тодорхой болгоорой.

Баруун үйлдвэрийн дарга Д.Миняа: Манай Баруун үйлдвэр дээр ч гэсэн “ҮЭ-ийн хороо хаана байна, бидний эрх ашгийн төлөө юу хийж байна, санал санаачилгаа хаана илэрхийлэх вэ, хүсэл гомдлоо хаана өгөх вэ?” гэдэг асуудал их яригддаг. Үйлдвэрийн ажилтнуудын эрх ашгийн төлөө дуугарч, компанийн бодлого шийдвэрт тусгаж явах ёстой ҮЭ-ийн хороогоо хүмүүс өнөөдөр хаана, юу хийж байна гэдгийг мэдэхгүй яваа нь ажил тодорхой түвшинд яваагүйн илрэл.

Төвийн үйлдвэрийн дарга Ж.Даваацэрэн: Гурван үйлдвэрээс ирсэн ҮЭ-ийн гишүүдээ дэмжээд явчихъя. Үйлдвэрийнхээ ажилтнуудын эрх ашгийн төлөө явж байгаа та бүхэн салбарын холбооноос зөвлөгөө аваад шийдвэрээ гарга, удирдлагын зүгээс бид дэмжээд туслаад явна.  

Зүүн үйлдвэрийн барилга, сангийн инженер А.Цэрэндорж: Бүх гишүүдийн хурлаар эхлээд З.Цэрэндорж гэдэг хүнээр тайланг нь тавиулъя, тэгээд цааш хурал хэрхэн өрнөх нь тодорхой болно. Тэр хүн бас ирэх үгүй нь мэдэгдэхгүй байна. Үүний дараа ҮЭ-ийн хорооны даргад нэр дэвшигч нар зорилт, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, ажилтнууд хорооны дарга, тэргүүлэгчдээ сонгоё.

Хуралд оролцож байгаа хүмүүс бүгд шууд гишүүнээр элсэнэ гэж байхгүй л болов уу. Нэг хүн дээр нэг асуудал гараад, тэр хүний төлөө ҮЭ яаж ажиллаж байна, тэрнээс шалтгаалж гишүүнчлэлд орох эсэхээ шийднэ, яваандаа. Манай үйлдвэрээс бол нэлээд ажилтан ҮЭ-ийн гишүүнээр элсэх хүсэлтээ өгчихсөн.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: “Тавантолгой түлш” ХХК-ийн ҮЭ-ийн хороо нь салбарын холбоонд гишүүнээр элсэж УБЕГ-т бүртгүүлсэн ч өнөөдрийг хүртэл гишүүдийнхээ төлөө огт ажиллахгүй явж ирсэн нь дээрх олон удаагийн үйлдлээр нотлогдсон учир дүрмийн дагуу тайлан, сонгуулийн хурал хийх эрх бүрдсэн байна. ҮЭ-ийн байгууллага жил бүр тайлангаа тавьж, 4 жил тутамд сонгуулиа явуулдаг дүрэмтэй. Танай компанийн ҮЭ-ийн хороо 2019 онд байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа тайлан, сонгуулийн хурал хийж үзээгүй, ҮЭ-ийн хорооны гишүүн гээд нэг ч хүн татвар төлж үзээгүй, харин гэрчилгээ, тамга нь хүчинтэй байна. Тэр тамга тэмдгийг ашиглахгүй байлгаад байх нь зүйд нийцэхгүй. ҮЭ-ийн байгууллага хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, ажилчдынхаа өмнө үүрэг хүлээж ажиллахгүй байгаагаас олон хүн хохирч, ҮЭ-ийн үйл ажиллагааг цаашид дүрмийн дагуу явуулах хэрэгцээ шаардлага үүссэн учраас та бүхэн хурлаа зохион байгуулж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Салбарын холбооны зүгээс та бүхний санаачилсан хурлыг зохион байгуулалтын хувьд дэмжин оролцоно. Бид хурлыг нээж мэдээллээ өгөөд, ҮЭ-ийн тамга тэмдгээ авч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад тань эрх зүйн туслалцаа үзүүлье. Та бүхэн хуулийн этгээд болсноор ажлаа хийх нөхцөл бүрдэж, ҮЭ-д олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлж ажиллах болно.

Бүх гишүүдийн хурал зохион байгуулах болсноо З.Цэрэндорж, Ж.Зоригт нарт албан ёсоор мэдэгдээрэй. Тэд ямар нөхцөл байдалд ажилласнаа, үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй эсэхээ тайлбарлах ёстой. Үүний дараа ҮЭ-ийн хороогоо сэргээж ажиллах юм уу, шинээр байгуулах юм уу гэдгийг хурлаараа шийднэ.

Та бүхэн ҮЭ-ийн хороогоо шинэчлэн байгуулах гэж байгаа бол хорооны дарга, тэргүүлэгчдийн тоогоо, хорооны даргад хэнийг нэр дэвшүүлэхээ сайн бодох хэрэгтэй. Хүний төлөө ажиллах чин сэтгэлтэй, зөв хандлагатай хүнээ сонгох ёстой. Үйлдвэрүүд боломжтой бол тэргүүлэгчдээ дотроо яриад, хамгийн сайн мэддэг хүнээ сонгож болно, тэрийгээ Бүх гишүүдийн хурлаар баталгаажуулах ёстой. Тэргүүлэгчдээ болон хорооны даргаа батлаад, Хяналтын хорооны гишүүдээ сонгох ёстой. ҮЭ-ийн байгууллага жил бүр санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа заавал тавина. Хяналтыг хэрэгжүүлэх хороонд 3-5 хүн сонгоод батлах ёстой. Сонгогдсон хүмүүс хууль, дүрмийн дагуу манай байгууллагатай хамтраад ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж ажиллана. ҮЭ-ийн хороо өөрөө өөрийгөө удирдана, өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ. Хуулийн этгээд болоод гишүүдээсээ татвар хураагаад эхэлнэ. Тэгэхээр, хууль зөрчиж ажилласан тохиолдолд манай холбооноос шууд эсэргүүцэн тэмцэнэ, тэр хүнд хариуцлага тооцуулна.

Гишүүд итгэл хүлээлгээд албан тушаал, эрх мэдэл олгож байгаа учраас ҮЭ-ийн байгууллага гишүүндээ үйлчилдэг. Хамтын гэрээ байгуулахдаа “ҮЭ-ийн гишүүдэд үйлчлэх” гээд заалтаа тохирчихвол гишүүн биш хүмүүст хамаарахгүй асуудал, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрсөн байгаа. Ажилтнууд энэ хуралд сууж амжаагүй байж болно, дараа нь ҮЭ-ийн гишүүнээр элсээд, “Тавантолгой түлш” ХХК-ийн ҮЭ-ийн байгууллагын шүхэрт ороод, үр шимээ хүртэнэ, дээрээс нь өмгөөллийн үйлчилгээ авна. ҮЭ-ийн байгууллага ямар давуу талтай, эрх үүрэгтэй талаар мэдээлэл өгнө.

Холбооны зүгээс бол үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тань мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө, үйл ажиллагаанд оролцох биш чиглүүлж өгнө, ижил түвшний салбарын ҮЭ-ийн хороотой холбож өгч болно. Манайхаас төлөвлөгөөт сургалт, үйл ажиллагаа явуулна.

Ийнхүү, “Тавантолгой түлш” ХХК-ийн дэргэдэх ҮЭ-ийн хороог шинэчлэн байгуулах хурлыг зохион байгуулахаар товлосны дагуу зургаадугаар сарын 7-ны өдөр тус компанийн Баруун, Зүүн, Төвийн гурван үйлдвэрийн ажилчдын төлөөлөл болох 383 хүн Налайх дүүрэг дэх Зүүн үйлдвэрийн гаднах задгай талбайд хуралдаж ҮЭ-ийн хороогоо шинэчлэн байгуулсан юм. Хуралд Баруун болон Төвийн үйлдвэрийн ажилтнууд автобусаар зорин ирсэн бол Зүүн үйлдвэрийн ажилтнууд ажлын байрнаасаа шууд ирж оролцсон. ҮЭ-ийн хорооны даргад Баруун үйлдвэрийн II цехийн ашиглалтын инженер У.Бямбадорж, Зүүн үйлдвэрийн I цехийн дарга Э.Наранбаатар, Төвийн үйлдвэрийн дулааны инженер Б.Билгүүн нар нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, олонхын саналаар Э.Наранбаатарыг ҮЭ-ийн хорооны даргаар сонгосноор өмнөх ҮЭ-ийн хорооны дарга З.Цэрэндоржийг ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан юм. Үүний сацуу Хяналтын хорооны даргаар Зүүн үйлдвэрийн II цехийн дамжлагын машинч Т.Мөнхбаатарыг сонгосон билээ.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос тус хурлын зохион байгуулалтыг дэмжин ажиллаж, салбарын холбооны дарга Д.Долгор, уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар шинээр байгуулагдсан ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Хяналтын хорооны гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.