Эрдэс баялгийн салбарын ажилтнуудын өмнө тулгамдаж буй бодит асуудлуудыг төр засаг болон олон нийтэд хүргэж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх, салбар дахь нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий тус зөвлөгөөнд ЗГХЭГ, ГБХНХЯ, АҮЭБЯ, ХЭҮК, НДЕГ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Олон Улсын Аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union), Австралийн уул уурхай, эрчим хүчний ҮЭ-ийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Мэргэжлийн өвчин судлалын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын ажилтнуудын төлөөлөл оролцож, нийт 150-иад хүн хуран чууллаа.
Зөвлөгөөнийг нээж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар үг хэлэв. Мөн Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Л.Энх-Амгалангийн мэндчилгээг тус яамны мэргэжилтэн танилцууллаа.
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор нээлтийн үгэндээ ““Уурхай дахь Хүн” зөвлөгөөн нь салбарын ажилтан бүрт өгөөж өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон бол АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Уул уурхай гэхээр мөнгө л харагдаад байдаг, хүн нь харагддаггүй. Тиймээс “Хүн” гэдэг чухал өнцгийг гаргаж тавьсан энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоондоо баяр хүргэе. Бид уурхайчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, цалин хөлс, уурхайчдаа яаж хөгжүүлэх вэ гэдгээс гадна нийгмийн зөвшилцлийн асуудлыг ярих хэрэгтэй байна. Хэрхэн орон нутагтайгаа ойлголцох вэ, уул уурхайн салбар маань мал аж ахуйн салбартайгаа хэрхэн уялдаж явах вэ гэдгийг ярьж, ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллах болно” хэмээн онцолсон юм.
Зөвлөгөөн хоёр хэсгээс бүрдэж байлаа. Үдээс өмнөх хэсэгт АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор “МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаан дахь оролцоо, эрмэлзэл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Төрийн өмчит уул уурхайн компаниудын бодлогын реформ”, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал, Ph.D С.Наранцогт “Үндэсний баялгийн сан ба “Эрдэнэс Монгол” нэгдлийн реформ”, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал “Уул уурхайн салбар дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүний эрх хамгаалагчдын үүрэг”, Олон улсын аж үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо (IndustriALL Global Union)-ны Уул уурхайн салбарын захирал Глен Муфане онлайнаар “Олон улс дахь уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцааны чиг хандлага, сорилт бэрхшээл” сэдвээр тус тус илтгэл тавив.
Илтгэлийн дараа “Уул уурхайн салбар дахь нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээрийн хэрэгжилт”, “Эрдэс баялгийн салбарын бодлого, уурхайчдын үнэлэмж”, “Хүний эрхийн зөрчил, урьдчилан сэргийлэх арга зам”, “Уул уурхайн төрийн өмчит компаниудын реформ, ажлын байрны баталгаа” гэсэн сэдвүүдийн хүрээнд эхний хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлэгт модератороор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Уул уурхай хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж, панелистаар тус холбооны дарга Д.Долгор, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал нар ажиллаж, зөвлөгөөнд оролцогсдоос болон онлайнаар ирсэн асуултуудад өөр өөрийн чиглэлээр дэлгэрэнгүй хариулт өглөө.
Зөвлөгөөний үдээс хойших хэсэгт Австралийн Уул уурхай эрчим хүчний ҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Стийвэн Смайт онлайнаар “Өвчилсөн уурхайчдад үзүүлэх тусламж үйлчилгээ”, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадулам “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн харьяа Мэргэжлийн өвчин судлалын газрын мэдрэлийн их эмч Э.Алтаншагай “Мэргэжлээс шалтгаалсан өвчин, урьдчилан сэргийлэлт”, ГБХНХЯ-ны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын бодлого, төлөвлөлт зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Ш.Хонгорзул “Уул уурхайн салбар дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт” сэдвээр тус тус илтгэл тавив.
Хоёрдугаар хэлэлцүүлэг “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт”, “Салбарын аюулгүй ажиллагааг сайжруулахад нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа”, “Мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх”, “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах”, “Үйлдвэрлэлийн ослын суурь шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам”, “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” гэсэн сэдвүүдийн хүрээнд өрнөж, модератороор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Бор-Өндөр УБҮ-т ажиллагсдын ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүх, панелистаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж, ГБХНХЯ-ны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын бодлого, төлөвлөлт зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Ш.Хонгорзул, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн харьяа Мэргэжлийн өвчин судлалын газрын мэдрэлийн их эмч Э.Алтаншагай, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн М.Бямбадулам, АҮЭБЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Амартуул нар ажиллаж, оролцогчдын асуултад өөр өөрийн чиглэлээр хариулт өгөв.
"Уурхай дахь Хүн" зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилга, дэвшүүлсэн асуудлыг тусгасан баримт бичгийн төслийг Ажлын хэсэг боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.