МЭХГУУ-Н ҮЭ-ИЙН ХОЛБООНООС САНААЧИЛСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2023-2024 ОНЫ ГУРВАН ТАЛТ ХАМТ /ТАРИФ/-ЫН ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР АМЖИЛТТАЙ БОЛЖ, ТАЛУУД ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга, Хамт /тариф/-ын хэлэлцээрийн Ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат “МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний салбарын 2023-2024 оны гурван талт Хамт /тариф/-ын хэлэлцээрийн III бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж, дараах заалтуудыг тусгуулж чадлаа.

Тухайлбал,

- Ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачааллыг харгалзан албан тушаалын үндсэн ба тарифт цалинг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10-15 түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх,

- Цаашид цалин нэмэгдүүлэх асуудлыг захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран шийдвэрлэх,

- Салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-г улсын хэмжээнд мөрдөгдөж буй ХХДХ-нээс 1.7 дахин их байх,

- “Итгэлцүүр хүртэлх” гэдэг үгийг 2026 оны хамтын хэлэлцээрт хасахаар хэлэлцэнэ гэж тохирсон бөгөөд итгэлцүүрийн 2 дахь жагсаалтад ББЭХС болон АУЭХС ТӨХК-ийг, итгэлцүүрийн 3 дахь жагсаалтад Амгалан ДС, ДзДЦС ТӨХК-ийг тус тус нэмж оруулах,

- Ээлжээр ажилладаг ажилтны ээлж, нийтээр амрах баярын өдөр таарвал, түүний дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгох,

- Хээрийн болон орон нутгийн нэмэгдэл олгох,

- Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад нөхцөлийн нэмэгдэл олгох

зэрэг заалтыг нэмэлт өөрчлөлтөд орууллаа. Дээрх заалтуудыг Хамтын хэлэлцээрт тусгуулснаар салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдвэрлэх, сайжруулах боломжийг олгож байна” хэмээн онцлов.