Эргэн сануулахад, салбарын ҮЭ-ийн холбооноос 2023 онд зохион байгуулсан “ТЭВЧЭЭРИЙН ТОГ ТАСАРЛАА” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөнөөр техник технологи, аюулгүй ажиллагааны асуудлуудыг шийдвэрлэхгүй байгаагаас ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд эрсдэл үүсэх хэмжээнд тулаад буй талаар төр засаг, ажил олгогчдод дохио өгч, санал шаардлага хүргүүлж, зөвлөгөөний үр дүнд 2023 оны 11 дүгээр сараас ажилтнуудын цалин 30 хувиар, 2024 он гараад Хамтын хэлэлцээрийн дагуу 10 хувиар, нийт 40 хувиар нэмэгдсэн билээ.








Энэ удаагийн зөвлөгөөний онцлог нь, шийдвэр гаргах бүх шатанд салбарын ажилтнуудын саналыг харгалзан үзэж, ажилтны дуу хоолойг тусгавал тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр болно гэж үзэж байна. Засгийн газрын 370 дугаар тогтоолын дагуу Сайдын зөвлөлд ҮЭ-ийн төлөөллийг оруулж бодлого шийдвэртээ саналыг нь тусгах, Эрчим хүчний салбарын Хамтын хэлэлцээрт заасны дагуу аж ахуйн нэгжүүдийн Захирлын зөвлөлд ҮЭ-ийн хорооны даргыг оролцуулж ажилтнуудын саналыг шийвэртээ тусгаж ажиллах нь нэн шаардлагатай чухал байна гэдэг үүднээс “АЖИЛТНАА СОНСЪЁ” уриан дор зохион байгуулсан юм.






Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбарын 17 мянган ажилтныг төлөөлж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын 170 орчим төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн, урилгаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч асан С.Эрдэнэбат болон ЭХЯ, ГБХНХЯ, ТӨБЗГ, ҮАГ, ЭХЗХ-ноос төлөөллүүд ирж оролцлоо.


“АЖИЛТНАА СОНСЪЁ” зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг урилгаар хүрэлцэн ирж, салбарын ажилтнуудад хуулийн шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн. Тэрбээр “Эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд бие даасан байх нь ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх, бусад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд гол хөшүүрэг болно гэдгийг яриандаа дурдсан юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь “АЖИЛТНАА СОНСЪЁ” зөвлөгөөнөөс гарсан санал, шаардлагуудыг холбогдох газруудад хүргүүлж, санал шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шахаж шаардаж ажиллах болно.

