Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг байгуулах, хэлэлцээр хийх тухай мэдэгдлийг 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 141, 142 тоот албан бичгүүдээр талуудад мэдэгдсэн.
Хэлэлцээр хуулийн хугацаанд эхэлж, талууд зөвшилцсөнөөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, гурван талын төлөөлөл гарын үсэг зурж ёсчлон баталлаа.



Хамтын хэлэлцээрт Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж ахалж, "Бор-Өндөр" УБҮ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүх, "Оюу толгой" ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Оюунтунгалаг, "Багануур" ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Нарантунгалаг, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Сувдгэрэл, "Шивээ-Овоо" ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Лхагвадорж, "Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ын ҮЭ-ийн хорооны дарга М.Бат-Эрдэнэ нарын төлөөлөгчид оролцсон юм.

Ажил олгогчдыг төлөөлж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа ахлагчтай төлөөлөгчид, төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлагчтай төлөөлөгчид оролцлоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэж хүчин төгөлдөр болсны дараа тус хэлэлцээрийн 8.8 дахь заалтын дагуу хэлэлцээрийг танилцуулах уулзалтыг талууд хамтран зохион байгуулах болно.

