Гүйцэтгэх хорооны гишүүд 92 хувийн ирцтэйгээр хуралдаж, хуралдааныг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж удирдаж, гишүүдийн саналаар Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Нарантунгалаг, Дарханы ДЦС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Хүдэр нар хурлын тэргүүлэгчээр ажиллав.




Хуралдаанд урилгаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир хүрэлцэн ирж, МҮЭ-ийн холбооны бодлого, зорилтыг танилцуулж, “МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн холбооны 2025 оны шилдэг гишүүн байгууллагуудын нэгээр шалгарсан нь танай холбооны Ажлын алба, тэргүүлэгчид, идэвхтэн сонгуультнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм” хэмээн онцолсон юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат салбарын ҮЭ-ийн холбооны 2025 оны үйл ажиллагааны тайланг, Санхүү, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох санхүүгийн тайланг танилцуулав.

Салбарын ҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Э.Наранчимэг МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, Хамтын хэлэлцээрийн хэрэгжилт, гишүүнчлэл, дотоод удирдлага, баримт бичгийн бүрдэл, дүрэм журам, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулж, эерэг туршлага, бодит үр дүнг сайшаан, цаашид анхаарч сайжруулах шаардлагатай зарим зүйлсийн талаар зөвлөмж өгсөн юм.












Гүйцэтгэх хорооны гишүүд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг дүгнэж, 2026 оны төсвийг батлахын сацуу 2026 онд тохиож буй МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах ажлууд, холбогдох төсвийг мөн хэлэлцэн баталлаа.


