МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо болон буюу Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбоо /Denryokusoren/ нь Олон улсын аж үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо /IndustriALL Global Union/-ы гишүүн байгууллага бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Хамтран ажиллах гэрээний дагуу 2010 оноос хойш харилцан төлөөлөгчөө урьж, туршлага солилцож ирсэн юм.

2025 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны урилгаар Дэнрёкүсоорэний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бол энэ удаад Дэнрёкүсоорэний урилгаар салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Япон улсад ажиллаад ирлээ.


Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Мория Мибү нарын удирдлагууд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадоржоор ахлуулсан УБДС ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Дашдаржаа, Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Оюунтунгалаг, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганбат, Багануур ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга С.Нарантунгалаг нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, дэвшилтэт арга барилын талаар санал солилцов.

241 анхан шатны ҮЭ-ийн хороод, 196,4 мянган гишүүнчлэлтэй ҮЭ-ийн томоохон байгууллага болох Дэнрёкүсоорэноос Япон улсын одоогийн парламентад хоёр гишүүн сонгогдон ажиллаж буй бөгөөд гишүүн Такезүмэ Хитоши МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг Парламентын ордонд хүлээн авч уулзаж, салбарын ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй хэрхэн эргэх холбоотой ажилладаг талаараа мэдээлэл өгсөн юм.


МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны төлөөлөгчид мөн Япон улсын Хирошима хот дахь Osaki CoolGen Corporation-оор зочилж, тус корпорацийн инженерүүдийн сүүлийн 10 жилд хийсэн туршилт, судалгааны үр дүн, хуучин Дулааны цахилгаан станцын суурин дээр хэрэгжүүлж буй нунтаг нүүрсээр СО2-гүй хийн түлш үйлдвэрлэх үйл явц, дамжлагатай танилцлаа.


Ташрамд, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу Тэргүүлэгчдийн хурлын 2026 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн 06 тоот тогтоолоор Япон улсад айлчлах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд гэрээнд заасанчлан туршлага судлах ажлын зардлыг хариуцсан Япон улсын Цахилгаан эрчим хүчний үндэсний ҮЭ-ийн холбоонд талархал илэрхийлье.

