Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 25 жилийн ой тохиож байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 25 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэсийг ундруулагчид, илч гэрлийн эздийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа ҮЭ-ийн идэвхитэн сонгуультнууд болон нийт гишүүддээ баярын мэнд дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Налайхын уурхай, цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинатад ҮЭ-ийн хороо байгуулагдсан нь салбарын ҮЭ-ийн холбооны эхлэл юм. 1963 онд байгуулагдсан Аж үйлдвэрийн ҮЭ-ийн Төв хороо нь 1996 оноос Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон өөрчлөгдөж, өдгөө 25 жилийн ойтойгоо золгоод байна.

2021 оны 09-р сарын 25-ны өдөр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь 25 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулж, салбарын холбооны дарга Х.Буянжаргал арга хэмжээг нээн үг хэлж нийт оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Ойн арга хэмжээнд МҮЭХ-г төлөөлөн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, салбаруудын ҮЭХ-г төлөөлөн Нийслэлийн ҮЭХ-ны дарга С.Жаргалсайхан нар оролцож, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мэндчилгээг ТЗУГ-ын дарга Р.Батрагчаа уншиж танилцууллаа. Мөн Эрчим хүчний ассоциацийн ЕНБД Г.Пүрэвдорж цахимаар мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

25 жилийн ойгоо тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа. Үүнд, Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбооны шагналаар нийт 19 хүн, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны шагналаар нийт 17 хүн тус тус шагнагдсан бөгөөд МҮЭ-ийн холбооны дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Сувдгэрэл, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга Д.Долгор нар шагнагдлаа.

Ойн арга хэмжээний хүрээнд "Эрдэнэсийг ундруулагчид, илч гэрлийн эздийн тэмцэл хөдөлгөөн" номын нээлт болсон бөгөөд тус холбооны анхны дарга Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Чүлтэмийн Балжиннямын тухай "Хөдөлмөрийн хүний төлөө" хөрөг нэвтрүүлэг TV5 ТВ-ээр цацагдлаа. 

 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын ҮЭ-ийн тэмцэл, хөдөлгөөний эрч далайц улам нэмэгдэж, ялалт, амжилтаар түүх нь зузаарч байхын ерөөлийг дэвшүүлье.