МҮЭ-ийн холбооны XXIII-р Их Хурал болж өндөрлөлөө

МҮЭ-ийн холбооны XXIII их хурал 2021 оны 12-р сарын 17,18-ны өдрүүдэд МҮЭСТО-нд болж өндөрлөлөө. Тус хуралд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны 269 төлөөлөгч оролцсон бөгөөд Их хурал удирдах 9 тэргүүлэгч сонгосны дараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа төлөөлөгчдөд тайлагнасан юм. 

Хурлын эхний өдөр /2021.12.17/ бүтэц зохион байгуулалт хэлэлцэх сонгуулийн санал хураалтын дүнгээр С.Эрдэнэбат 76.4 хувийн саналаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, хурлын хоёр дахь өдөр /2021.12.18/ дүрэм, хөгжлийн зорилтдоо санал авч батлав. Мөн их хурлын хооронд шийдвэр гаргах эрх бүхий ерөнхий зөвлөлийн 51 гишүүнийг салбар бүрийн төлөөллөөс сонгосон.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Анхдугаар хурал 2021 оны 12-р сарын 19-ны өдөр болж тус хурлаар Хүндэт ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ЕНБД, тэргүүлэгчдийг шинээр сонгосон юм. 

Ерөнхий зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар орон тооны Хүндэт ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Б.Рагчаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар Х.Буянжаргал нар сонгогдлоо.

Хурлаас гарсан удаах шийдвэр нь салбар, аймаг хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгчдийг баталсан ба Ё.Соёлмаа, Я.Алтантуяа нарыг, МҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 15 хүнээр тус тус баталлаа.