МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ЭЭЛЖИТ БУС X БАГА ХУРАЛ болж өндөрлөлөө

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн хурлаас тус холбооны ээлжит бус X бага хурлыг 2022 оны 03-р сарын 17-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. 

Салбарын ҮЭ-ийн холбооны сонгуулийн журмын хүрээнд 2022 оны 02-р сарын 16-ны Тэргүүлэгчдийн хурлын 07 тоот тогтоолын дагуу Улаанбаатар хот, 21 аймгийн салбарын анхан шатны байгууллагуудын 38.000 ҮЭ-ийн гишүүдийг төлөөлсөн 107 төлөөлөгч сонгогдсоноос 90 төлөөлөгч хүрэлцэн ирсэний зэрэгцээ мөн цахимаар 6 төлөөлөгч оролцож 89.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Тус бага хуралд эрчим хүчний салбараас 65, геологи, уул уурхайн салбараас 42 төлөөлөгч сонгогдон оролцсон юм. 

Сонгуулийн комиссын дарга Ч.Өнөрцэцэг /УБЦТС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороон дарга/: Холбооны даргад өрсөлдөхөөр 4 хүн материалаа ирүүлсэн. Үүнээс Б.Амарсанаа болон Б.Өлзийбат нар сонгуулийн журмын заасан шаардлага хангаагүй тул бүртгэж авахаас татгалзаж, материалыг буцаасан. Шаардлага хангасан Б.Ариунбаатар /Хасу Мегаватт ХХК-ийн ҮЭ-ийн хороон дарга/ Д.Долгор /МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга/ нарыг салбарын холбооны даргад нэр дэвшүүлэхээр бүртгэж авсан тухай танилцуулав.

Хоёр нэр дэвшигч өөрсдийгөө болон мөрийн хөтөлбөрөө тус бүр танилцуулж, бага хурлын төлөөлөгчдийн асуултад хариулсны дараа санал хураалт явагдаж, хурал даргалагч П.Баттөр /Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн ҮЭ-ийн хороон дарга/ тооллогын комиссын тогтоолын төслийг танилцууллаа. Санал хураалтын үр дүнгээр ээлжит бус X бага хурлын төлөөлөгчдийн 56.9% санал авсан Д.Долгор салбарын холбооны даргаар сонгогдсон юм. 

Шинээр сонгогдсон дарга Д.Долгор бага хурлын төлөөлөгчдөд хандан: Эрхэм бага хурлын төлөөлөгчид та бүхэнд маш их баярлалаа. Надад итгэл хүлээлгэсэнд. Маш том үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Миний хувьд хувь хүнийхээ үнэт зүйлээ эрхэмлэн дүрэм болон хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана гэдгийг илэрхийлсэн юм. 

Түүний дараа салбарын холбооны гүйцэтгэх хорооны гишүүд, хяналтын хорооны гишүүд болон МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүдийг тус тус чөлөөлж, нөхөн сонгосноор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ээлжит бус X бага хурал өндөрлөлөө.