Австралийн эрчим хүч, уул уурхайн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгууллаа

Австралийн Күйнсланд мужийн Уул уурхай, Эрчим хүчний ҮЭ-ийн холбоо “Өвчилсөн уурхайчдад тохирсон хамгийн сайн эм бол хүчирхэг ҮЭ юм” уриатай уул уурхайн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын бага хурлыг Австралийн Кернс хотод 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Олон улсын уг бага хуралд Энэтхэг, Пакистан, Индонези, Өмнөд Африк, АНУ болон Албани улсын ҮЭ-ийн төлөөлөл, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Нүүрсний уурхайн ажилчид уушигний тоосжилт, шохойжилт, целликоз зэрэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртдөг. Уг хурлын үеэр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ болон нөхөн олговрыг шийдвэрлэхэд ҮЭ-ийн оролцоог хангах цаашид эдгээр асуудлыг шийдэхийн тулд олон улсын ҮЭ-үүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг ярилцлаа.  Арга хэмжээний үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо  Австралийн эрчим хүч, уул уурхайн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулав.  Хамтын ажиллагааны хүрээнд  сургалт явуулах, мэргэжилтэн солилцох хөтөлбөр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг уул уурхайн салбарт ҮЭ-үүдийн хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах юм.