“ЗАСГИЙН ГАЗАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН ТӨААТҮГ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-Д НЭГТГЭХ ШИЙДВЭРИЙГ ТООЦОО СУДАЛГААГҮЙГЭЭР ГАРГАСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШУУД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ШИЙДВЭР БОЛЛОО” ХЭМЭЭН ТУС ХҮРЭ

Монгол Улсын Ерөнхий сайд бодлого, зорилтоо тодорхойлохдоо “Үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах замаар төрийн өмчийн реформ хийхээ зарлаж, энэ хүрээнд бид холбогдох яамд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн ийм шийдвэр гаргасан. Ингэснээр тухайн компаниудын чиг үүргийн давхардал арилна, үр ашиг дээшилнэ, орон тоо хэмнэгдэж, зардал буурна” гэсэн байна.

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрх /5.1.5/-д Эрчим хүчний үндэсний баланс гаргах судалгаа, шинжилгээний байгууллага байгуулах, түүнтэй холбогдох зардлыг санхүүжүүлэх журам батлах заалтын дагуу байгуулагдсан, хуультай, дүрэм, журамтай байгууллага учир Засгийн газрын тогтоолоор бус УИХ-ын тогтоолоор татан буугдах ёстой.

Тус хүрээлэн нь Эрчим хүчний салбарын ойрын болон дунд хугацаа, хэтийн хөгжлийн бодлого, стратеги боловсруулахад шаардагдах өгөгдөл цуглуулах, эрчим хүчний хэрэглээний таамаглал, эдийн засгийн тооцоо, балансын судалгаа, шинжилгээг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан гаргах, зураг төсөв боловсруулах, шинэ техник, технологи судалж нэвтрүүлэх, стандарт, норм нормативын бичиг баримтыг боловсронгуй болгох чиглэлээр бие даан, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажилладаг, улсаас нэг ч төгрөгний татаас авдаггүй, эрчим хүчний салбарын уураг тархи болсон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, ногоон хөгжлийг хангасан цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох шинжлэх ухааны үндэслэл, зураг төслийг боловсруулахад эрчим хүчний бие даасан судалгаа эрдэм шинжилгээний байгууллага байх нь чухал ач холбогдолтой.

Сүүлийн 35 жил эрчим хүчний салбар бодлого, төлөвлөлтгүй болж, хямралд орж буй гол шалтгаан бол салбарын эрдэм, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг дэмжиж байгаагүйтэй шууд холбоотой.

Засгийн газрын энэхүү шийдвэрийг тус хүрээлэнгийн ажилтан албан хаагчид, ҮЭ-ийн гишүүд, эрдэмтэн судлаачид эрс эсэргүүцэж буйгаа олон нийтэд мэдээллээ.