УУЛ УУРХАЙН САЛБАРЫН НЭР БҮХИЙ ГУРВАН КОМПАНИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭВЛЭЛДЭН НЭГДЛЭЭ...

Ти Ти Жи Ви Си ӨҮ ХХК-ийн ажилтнууд “Компанийн захиргаа ажилтнуудын цалин хөлсийг хууль тогтоомжид нийцүүлэн олгохгүй байгаа талаар гүйцэтгэх захирал Ван Чанг Чинд удаа дараа шаардлага хүргүүлж, улмаар Хамтын гэрээтэй холбоотой сонирхлын маргаан үүсгэсэн ч Арбитр дээр уг асуудлыг шийдвэрлэх явц маш удаашралтай байна” хэмээн тайлбарласан.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Асуудлыг Арбитраар хуулийн дагуу шийдвэрлэхийг хүлээх нь зүйтэй. Энэ хооронд ажилтнууд илүү зохион байгуулалттайгаар эвлэлдэн нэгдэж, хуулийн хүрээнд ажиллах нь чухал. Үүнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны зүгээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах боломжтой” хэмээн салбарын холбооны байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ хугацаанд Ти Ти Жи Ви Си ӨҮ ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн төлөөх тэмцэлд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Нормаунт” ХХК болон “Чүү Девелопмент” ХХК-ийн ажилтнууд мөн нэгдэж, “Нормаунт хамтын хүч” болон “Чүү уурхайчдын нэгдэл” ҮЭ-ийн хороог тус тус байгуулан, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд гишүүн байгууллагаар элсэх хүсэлтээ ирүүлснээр салбарын холбооны зүгээс хүсэлтийг хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хуулийн этгээдээр бүртгэж гэрчилгээ олгох тухай албан бичгийг долоодугаар сарын 4-ний өдөр хүргүүлээд байна.

Харин Ти Ти Жи Ви Си ӨҮ ХХК-ийн тухайд, “ҮЭ-ийн хороотой, тус хороо нь Арбитртай холбоотой маргаан дээр ажиллаж байгаа” гэх боловч хэсэг ажилтнууд нь шинээр ҮЭ-ийн хороо байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын холбоонд хандсан юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны зүгээс, долоодугаар сарын 7-нд албажиж гарах Арбитрын шийдвэрээс, мөн, Өмнөговь аймагт Ти Ти Жи Ви Си ӨҮ ХХК дээр ажиллаж буй ГБХНХЯ-ны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнгээс шалтгаалан тус компанийн ажилтнуудын эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, Хүний эрх, хуулийн газрын дарга М.Саранцацрал нартай зөвлөлдөж, холбогдох хүмүүст хуулийн болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.