Тус ҮЭ-ийн хорооны дарга Б.Алтансүх үйл ажиллагааг нээн үг хэлж, Уламжлалт, сэргээн засах үүдэн эмнэлгийн үүсэл, цаашдын зорилго, зорилтыг танилцуулсан бөгөөд хүндэт зочноор "Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженер П.Машбат, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж, Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн дарга М.Даваа, “Одь-Тан” ХХК-ийн захирал Б.Ширчинмаа нар уригдан оролцсон юм.






"Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрт ажиллагсдын ҮЭ-ийн хорооны санаачилгаар үйлдвэрийн захиргаатайгаа байгуулсан 2024-2025 оны Хамтын гэрээний 10.5 дахь заалтын хэрэгжилт ийнхүү хангагдаж, Уламжлалт, сэргээн засах эмнэлэг нь 2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үйлдвэрийн ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх боломж бүрдлээ.




Ташрамд дурдахад, Б.Алтансүх даргатай "Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрт ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйлдвэрийн ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хүрээнд сэтгэл зүтгэл гарган, бодит үйл ажлуудаараа манлайлж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны 2024 оны шилдэг гишүүн байгууллага, МҮЭ-ийн холбооны 2025 оны Шилдэг хороогоор шалгарсан билээ.

